БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

img

 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.04.08/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Б.Дэлгэрсайхан сайд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг Хансео их сургуультай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр "Бүгд Найрамдах Франц Улстай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд суманд “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах” төслийн хүрээнд нислэгийн хөдөлгөөний 40 удирдагч бэлдэх шаардлага үүсээд байгаа. Энэхүү шаардлагын хүрээнд нислэгийн хөдөлгөөний удирдагчийн суурь мэдлэг болон онолын мэдлэгийг Хансео их сургуульд олгож, бэлтгэх болсонд таатай байна" хэмээв.

Мөн энэ үеэр Хансео их сургууль, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд Гэрээний санамж бичиг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд ИНЕГ-т шалгалтын танхим тохижуулах болсон талаар санал солилцлоо.

Хариуд нь Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд тус их сургуулийн магистрийн хөтөлбөрт Монгол оюутнуудыг тэтгэлэгтэй суралцуулах ажил хэлэлцээрийн шатанд явааг дуулгаад цаашид хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

  •  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ