ТҮЦ-үүд дахин ''амилав''

img

 

Нийслэлд нэг хэсэг шуугиан тарьсан сэдэв бол яах аргагүй ТҮЦ. Хотын өнгө үзэмжийг гутааж, хөгжлийг гацааж байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж, улмаар хотын удирдлагууд албадан нүүлгэх шийдвэр гаргаж байв. Тэр үед олон нийт За, хот нэг цэгцэрч байх шиг гэж харж байсан нь үнэн. Гэтэл удалгүй өнөөх ТҮЦ-үүд чимээгүйхэн буцаж ирж эхэллээ.

Өнөөдөр хотын зарим буланд бор ТҮЦ-үүд дахин сүндэрлэж, бүр автобусны дулаан зогсоол хүртэл жижиглэн худалдааны цэг болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт цэгцэлсэн гэж байсан асуудал шинэ хэлбэрээр эргэн гарч ирсэн нь энэ. Ингээд ТҮЦ-үүдийг бүр мөсөн цэгцлэх үү, эсвэл тодорхой стандарттайгаар оршин тогтнох уу гэдэг асуулт дахин тавигдаж байна.

Нэг хэсэг ТҮЦ-үүдийг түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байлаа. Үнэхээр ч 2025 оны зун гэхэд хот даяар 100 гаруй байршилд байсан 1400 орчим ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч бодит байдал дээр энэ нь төгс шийдэл болсонгүй. Харин ч эсрэгээрээ, тодорхойгүй бодлого, зөрүүтэй мэдэгдлүүдийн дунд ТҮЦ-үүд дахин “амилж” эхэлжээ.

Ялангуяа төр, засгийн төвшинд өгсөн мессежүүд зөрчилдсөн нь нөхцөл байдлыг улам будлиантуулсан гэхэд хилсдэхгүй. Нэг талд нь ТҮЦ-ийг цэгцэлнэ гэсэн шийдвэр явж байхад, нөгөө талд нь жижиг бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэсэн улс төрийн мэдэгдэл гарсан. Үүнийг ТҮЦ эрхлэгчид боломж гэж харж, хуучин байршлуудаа дахин эзэлж эхэлсэн байна. Багшийн дээд, МУИС орчим, Сансар, 100 айл гээд хүн ихтэй бүсүүдэд ТҮЦ-үүд дахин гарч иржээ. Худалдагчид нь зөвшөөрөлтэй гэж тайлбарлах ч харьяа дүүргүүд үүнийг үгүйсгэдэг. Тэдний хэлж буйгаар, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх гэхээр маргаан, эсэргүүцэл дагуулдаг бөгөөд нүүлгэсэн ч удалгүй буцаад ирдэг аж.

Энэ бүхэн гүйцэтгэх шатанд ажиллаж буй албан хаагчдад ч хүндрэл учруулж байгаа нь тодорхой. Дээрээс нь дэмжинэ гэсэн дохио өгчихөөр доороо журам хэрэгжүүлэхэд улам төвөгтэй болдог байна. Өөрөөр хэлбэл, бодлогын нэгдмэл байдал алдагдсан нь хамгийн том асуудал болж хувирчээ. Нөгөө талд нь ТҮЦ-үүд зөвхөн хуучин хэлбэрээрээ биш, шинэ хувилбараар гарч ирж байна. Тухайлбал, автобусны дулаан зогсоолыг ТҮЦ маягаар ашиглах үзэгдэл хэд хэдэн дүүрэгт ажиглагджээ. Анх иргэдийг дулаацуулах, хүлээлгийн орчныг сайжруулах зорилготой барьсан байгууламж ийнхүү худалдааны зориулалттай болж хувирсан нь бас л бодлогын цоорхойг илтгэнэ. Зарим дүүрэгт үүнийг бүр албан ёсоор зөвшөөрсөн тохиолдол ч байна. Шалтгаан нь эзэнгүй орхихоор эвдэж сүйтгэх, хоноглох зэрэг асуудал гардаг учраас эзэнтэй байлгахын тулд ТҮЦ ажиллуулах шийдэлд хүрсэн гэх. Гэвч ингэснээр нийтийн зориулалттай орон зай аажмаар хувийн бизнесийн талбар болж хувирах эрсдэл бий.

ТҮЦ-үүдийг бүр мөсөн халж чадах уу, эсвэл зөв зохицуулж сурах уу?

Одоогийн байдлаар ТҮЦ-ийн нэгдсэн, мөрдөгдөх стандарт алга. Урьд нь загвар боловсруулж байсан ч эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр батлагдаагүй. Тиймээс өнөөдрийн нөхцөлд хэн дуртай нь, хаана дуртай газраа, ямар ч хэлбэрээр ТҮЦ байрлуулах боломж нээлттэй шахуу байна.

Хэрэв нийслэл үнэхээр эмх цэгцтэй хөгжихийг зорьж байгаа бол байх уу, байхгүй юу гэсэн маргаанаас цааш алхах цаг болсон. ТҮЦ-үүдийг оршин тогтнохыг зөвшөөрөх бол тодорхой стандарт, хатуу хяналттай болгох хэрэгтэй. Харин эсрэг тохиолдолд өнөөдрийнх шиг замбараагүй байдал үргэлжилж, хотын хөгжилд саад болсон жижиг амбаарууд дахин, дахин бий болсоор байх нь гарцаагүй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Top Crypto Recovery Company That Do Not Ask For Upfront Fees: Reach Out To Apexshield Recovery:
I’m pleased to bring to you the service of Apexshield Recovery, this notable crypto recovery company was able to help me recover my stolen crypto a few days ago after I fell victim to a crypto investment scam. Apexshield Recovery is a very professional and highly recommended crypto recovery service, I never thought it was possible to recover crypto assets until I encountered Apexshield Recovery. I highly recommend their services if you need to recover your crypto assets or stolen funds. If you or someone you know has fallen victim to a cryptocurrency scam, contacting Apexshield Recovery could be the first step towards reclaiming lost funds and regaining peace of mind. Contact informations are below Email: Info@apexshield.online Whatsapp : +19025176264 Website : https://apexshield.online/
2026-04-14
Чанарын шаардлага хангахгүй хүнс зардаг халтар ТҮЦ-нүүдийг зайлуулаач ээ!
2026-04-14