Ерөнхийлөгчийн эсрэг 69 кноп
Сүүлийн хоёр долоо хоног парламентын гол маргаан болоод буй сэдэв бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд энэ төслийг өргөн барьснаас хойш улс төрийн уур амьсгал нэлээн халж, намуудын дотоод бодит зураг ч ил гарч эхэллээ.
Энэ хуулийн гол санаа нь ёс зүйн хариуцлага алдсан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдүүлэх. Онолын хувьд бол олон нийтийн дэмжлэг авахуйц санаа. Гэхдээ практик дээрээ парламентын дархлаа, төлөөллийн ардчилалд халдах эрсдэлтэй гэж гишүүдийн нэлээд хэсэг нь харж байгаа учраас маргаан үүсээд байгаа юм.
Процессийг нь харахаар энэ асуудал санамсаргүй сэдэв биш. Гуравдугаар сарын 9-нд өргөн баригдсан хуулийн төсөл дөрөвдүгээр сарын эхээр Байнгын хороогоор орж, нэгдсэн чуулганд хэлэлцэх эсэх нь яригдсан ч санал хураалт хойшлогдсон. Улмаар АН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдрийг хүртэл сунжирсан. Өнөөдөр тэр завсарлага дуусч, кноп дарах бодит мөч ирж байна.
Харин кнопны тоо аль хэдийн тодорхой болж эхэлсэн. Одоогийн байдлаар МАН-ын 28, АН-ын 25 гишүүн уг хуулийг үзэл санааны хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. Дээр нь Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН нам бүхэлдээ эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Ингээд тооцвол нийт 69 гишүүн буюу парламентын 54 хувь нь Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн эсрэг санал өгөх зураг гарч байна.
Гэхдээ дээрх тооны цаана намуудын дотоод зөрчил, фракцын бодит байдал цухалзаж буй нь энэ. МАН дотроо анхнаасаа хагаралтай байсан бол энэ удаа бүр ч илүү задарлаа. Л.Оюун-Эрдэнийн нөлөөлөлтэй 28 гишүүн эсэргүүцэж, 24 нь дэмжих байр суурь илэрхийлсэн, харин 16 нь одоог хүртэл тодорхой байр суурьгүй байна. Өөрөөр хэлбэл эрх баригч нам дотор ч нэгдсэн шийдэл алга.
АН-ын хувьд ч ялгаагүй. Угаасаа фракцын бүтэцтэй нам учраас энэ удаа ч хоёр жигүүрт хуваагдлаа. Сөрөг хүчний хувьд ийм үед нэгдэж, нэг байр суурь гаргах боломж байсан ч бодит байдал дээр тийм зүйл болсонгүй. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, нөгөө хэсэг нь парламентын дархлааг хамгаална гэж эсэргүүцэж байна.
Эндээс нэг сонирхолтой зөрчил гарч ирж байгаа юм. Улс төрийн хувьд логикоороо сөрөг хүчин эрх баригч намаас гарсан Ерөнхийлөгчийн эсрэг нэг цул байх боломжтой байсан. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ, аль аль нам дотроо хуваагдаж, байр суурь нь холилджээ. Нөгөө талд нь, энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүдийн гол тайлбар нэг зүйл дээр төвлөрч байна. Тэр нь парламентын ардчиллын суурь зарчим. Хэрвээ гишүүнийг “ёс зүй” гэх мэт харьцангуй ойлголтоор эгүүлэн татах боломж нээгдвэл улс төрийн нөлөөллөөр гишүүдийг шахах, зайлуулах эрсдэл бий гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр авлигачийг цэвэрлэх нэрийн дор маргааш өөр байр суурьтай гишүүдийг онилох механизм болж хувирч магадгүй гэсэн болгоомжлол.
Гэхдээ нөгөө талд нь бас бодит асуудал бий. Хариуцлагагүй, чуулгандаа суудаггүй, ёс зүйн маргаанд ордог гишүүдийг яах вэ гэдэг асуултад одоогийн тогтолцоо хангалттай хариулт өгдөггүй. Тиймээс энэ санаачилга гарч ирсэн нь ч санамсаргүй зүйл биш.
Эцсийн дүндээ өнөөдрийн санал хураалт зөвхөн нэг хуулийн төсөл дээрх шийдвэр биш. Энэ бол парламент өөрийн дархлааг хамгаалах уу, эсвэл гүйцэтгэх эрх мэдлийн нөлөөг тодорхой хэмжээнд оруулах уу гэдгийг шийдэх улс төрийн том сорилт. Тоон дээрээ бол 69 кноп эсэргүүцэхээр харагдаж байгаа ч Монголын улс төрд кноп дарах мөч хүртэл юу ч өөрчлөгдөж болдгийг өмнөх жишээнүүд хангалттай харуулж ирсэн.
Тиймээс энэ хуулийн “хувь заяа” зөвхөн ил гарсан байр сууриар биш, харин хаалттай хаалганы цаана ямар тохиролцоо хийгдэж байгаагаас ихээхэн шалтгаална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ