Х.Булгантуяагийн асуудлыг ОУПХ хэлэлцэв

img

 

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал дотоод, гадаадын анхаарлыг татаж эхэллээ. Г.Занданшатарыг огцруулсан чуулганы хуралдаан удирдсан нь  эрүүгийн шинжтэй асуудал болон тэлж, улмаар олон улсын түвшинд хэлэлцэгдэх хэмжээнд хүрээд байна.

Х.Булгантуяагийн удирдсан хуралдааныг зарим талаас процедурын зөрчил гэж үзэж байгаа бол нөгөө талаас төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэх ноцтой заалттай холбон шалгах шаардлагатай гэж үзсэн. Ингэснээр улс төрийн хүрээнд шийдэгдэх боломжтой маргаан хууль хяналтын шатанд шилжсэн нь анхаарал татаж эхэлсэн байдаг. Энэ ганцхан тохиолдол биш, сүүлийн үед иймэрхүү зүйлс давтагдах хандлагатай болоод байна. Парламентын дотоод маргаан, процедурын зөрчлийг улс төрийн механизм дотроо шийдвэрлэхийн оронд эрүүгийн эрх зүйн хүрээнд авч үзэх явдал нэмэгдэх шинжтэй байна.

Энэ асуудал дотооддоо хязгаарлагдсангүй. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар хуралдаанаар Монголтой холбоотой энэ кейсийг авч хэлэлцсэн нь олон улсын анхаарлыг татжээ. Тус байгууллагаас шууд дүгнэлт хийгээгүй ч парламентчийн бүрэн эрх, үйл ажиллагаанд халдсан байж болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг анхааралдаа авч үзэх шаардлагатайг онцолсон байна.

Парламентын гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой маргаан ямар түвшинд хүртэл эрүүгийн шинжтэй асуудал болон хувирч болох вэ гэдэг асуулт энд хөндөгдөх ёстой. Хэрэв энэ зааг тодорхой бус байвал улс төрийн маргаан, хууль зүйн хариуцлагын хоорондын ялгаа алдагдах аюултай. Нөгөө талаас, аливаа зөрчлийг шалгах, хууль зүйн үнэлгээ өгөх нь өөрөө хууль ёсны үйл явц. Гагцхүү тухайн үйлдэлд тохирсон, пропорциональ арга хэмжээ авч байгаа эсэх нь илүү чухал асуудал болж байна. Одоогоор уг хэрэгт эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэсэн хэдий ч энэ үйл явдал Монголын парламентын дотоод процесс, улс төрийн соёл, хууль хяналтын байгууллагын оролцооны талаар илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагатайг харуулж байна. Товчхондоо, нэг парламентчийн асуудлаас давж, парламентын бие даасан байдал, улс төрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрийн тухай илүү том асуудлыг хөндөж эхэллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ