АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

img

 

Ардчилсан нам дотооддоо эмх цэгцэндээ орох шатандаа явж байна. Намын удирдлагуудын хэлж буйгаар, бүтэц зохион байгуулалтын үлдсэн ажлуудаа гүйцээж байж дараагийн том улс төрийн шийдвэрүүдээ гаргана гэсэн зураг харагдаж байна. Тэр дундаа УИХ дахь бүлгийн даргын асуудлыг яарахгүй, тодорхой дарааллын дагуу шийдэхээр төлөвлөжээ.

Ойрын хугацаанд хийх гол ажил нь Үндэсний бодлогын хорооны хурлаа хуралдуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох. Энэ албан тушаал бол намын өдөр тутмын үйл ажиллагааг зангидаж явдаг гал тогооны гол хүн учраас эхлээд энэ асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Нам доторх эх сурвалжуудын ярьж буйгаар, тавдугаар сарын дунд үе гэхэд бүтцийн томоохон өөрчлөлтүүдээ бүрэн дуусгах зорилт тавьжээ.

Сануулахад, өнгөрсөн намар Ардчилсан нам дотоод сонгуулиа хийж, шинэ даргаа тодруулсан. Түүнээс хойш намын дарга УИХ дахь бүлгээ давхар удирдаж ирсэн нь богино хугацаанд нэгдсэн удирдлагаын давуу талтай байсан ч урт хугацаандаа эрх мэдэл төвлөрөх эрсдэлтэй гэж дүгнэсэн бололтой. Тиймээс энэ сарын дундуур болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар намын дарга, бүлгийн дарга хоёр тусдаа байх нь илүү зөв гэсэн шийдэлд хүрчээ.

Энэ шийдвэр гарснаар нэг зүйл тодорхой болсон нь бүлгийн даргын суудал сулрах нь. Харин яг хэн суух вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнд аль хэдийн халуун сэдэв болж эхэлсэн.

АН-ын УИХ дахь бүлэг 42 гишүүнтэй, дотор нь туршлагатай улстөрчид цөөнгүй. Тиймээс энэ удаагийн сонголт зүгээр нэг формаль томилгоо биш, харин нам доторх хүчний харьцааг илтгэх бодит өрсөлдөөн болох төлөвтэй. Улс төр судлаачдын хэлж байгаагаар, бүлгийн дарга гэдэг бол зөвхөн дотоод зохион байгуулалтын албан тушаал биш, парламент дахь намын байр суурь, хэлэлцээрийн чадвар, цаашлаад 2028 оны сонгуулийн бэлтгэлд ч нөлөөлөх стратегийн чухал суудал.

Одоогоор нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Тэдний дунд намын бодлогын чиглэлд нөлөөтэй, туршлагатай улстөрчид ч бий, шинэ үеийн төлөөлөл ч бий. Энэ нь нэг талаас өрсөлдөөнийг сонирхолтой болгож байгаа ч нөгөө талаас фракц хоорондын зөрчил дахин сэргэх эрсдэлийг ч дагуулж мэдэхээр байна. Урьдчилсан байдлаар Л.Гантөмөр, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Р.Эрдэнэболд зэрэг гишүүдийг нэр дэвших магадлалтай хэмээн үзэж байна.

Ерөнхий дүр зураг нь ийм. АН эхлээд дотоод байшингаа янзалж дуусгана, дараа нь парламент дахь удирдлагаа шинэчилнэ. Харин тэр шинэчлэл нь намыг илүү нэгтгэх үү, эсвэл шинэ маргаан дагуулах уу гэдэг нь ойрын хэдэн долоо хоногт тодорхой болох нь.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ