С.БАЯРЦОГТ АН-ЫН ГЕНСЕК БОЛОХ ЭСЭХИЙГ ЭЦЭСЛЭНЭ

img

 

Ирэх сарын 6-нд болох Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал намын дотоодод төдийгүй улс төрийн хүрээнд анхаарал татсан шийдвэрийг гаргах гэж байна. Тодруулбал, С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэх эсэх асуудал энэ хурлаар эцэслэн шийдэгдэнэ. Нам дотор уг томилгоог дэмжих болон эсэргүүцэх байр суурьтай байна. 

Гэвч улс төрийн цаг хугацаа намын дотоод маргааныг хүлээхгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль ойртож, намуудын бэлтгэл ажил хэдийнэ эхэлчихсэн энэ үед Ардчилсан нам дотоод зохион байгуулалтаа цэгцлэх шаардлагатай тулгарч байна. Энэ бүхний зангилаа нь намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга бол намын “хоёр дахь хүн” гэхээс илүү, бодлогыг бодит ажил болгодог гүйцэтгэх төв нь байдаг. Намын дарга стратегийн чиглэлийг тодорхойлдог бол генсек тэр стратегийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулж, бүх шатны байгууллагыг хөдөлгөдөг. Сонгуулийн бэлтгэл хангах, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, орон нутгийн салбар нэгжүүдийг идэвхжүүлэх, гишүүд дэмжигчдийн нэгдмэл байдлыг хангах гээд намын “амьдрал” генсекийн ажлаас шууд хамаардаг.

Өнөөдрийн нөхцөлд Монгол Ардын Намын сүүдэрт орсон гэх шүүмжлэл Ардчилсан намыг тойрохоо больсон. Ийм үед нам дотоод эв нэгдэл, сахилга хариуцлага, тодорхой удирдлагын тогтолцоог бий болгох нь зайлшгүй. Энэ шаардлагыг хангах гол албан тушаал нь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд хэн энэ үүргийг хүлээх вэ гэдэг нь намын ирээдүйн өнгө төрх, улс төрийн өрсөлдөх чадварт шууд нөлөөлнө.

Тиймээс ҮБХ-ны ирэх хурлаар гаргах шийдвэр Ардчилсан нам цаашид ямар зохион байгуулалттай, ямар хурдтайгаар сонгуулийн циклд оролцох вэ гэдгийг тодорхойлох улс төрийн ач холбогдолтой алхам юм. Хамгийн гол нь энэ асуудлыг сунжруулах бус, тодорхой шийдэж, сонгуулийн бэлтгэлээ цаг алдалгүй эхлүүлэх нь намын өмнө тулгараад буй бодит сорилт болоод байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ