
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Шадар сайдын албан тушаалыг гаргах асуудлыг тавих эрхтэй. Харин Засгийн газрын гишүүдийг шинээр томилох асуудлын хувьд хуулийн дагуу Засгийн газар хуралдаж, шинээр томилогдох гишүүдийнхээ бүрэлдэхүүнээ томилох асуудлаар дахин хуулийн төсөл өргөн барих хэрэгтэй" гэв.
Харин үүний хариуд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Яг одоогийн нөхцөлд Засгийн газар хуралдах ирц нь хүрэлцэх боломжгүй байгаа. Тиймээс Засгийн газар хуралдаж, тогтоолын төсөл санаачлах боломж байхгүй байна" гэсэн юм. Харин үүний хариуд Р.Гончигдорж "Бид энэ асуудлаа шийдэхийн тулд хууль зөрчиж болохгүй. Хоёр сайдаа томилоод Засгийн газраа хуралдуулж, төсөл оруулж ирэх ёстой" гэв.
Энэ талаар гишүүдийн хувьд гишүүдийн дунд багагүй мэтгэлцээн өрнөсний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсан юм. 50 гишүүн буюу 65.8 хувийн ирцтэй хуралдсан уг хуралдаанаар 47 гишүүн үг саналыг дэмжиж 94 хувийн саналаар хэлээх нь зүйтэй гэж үзэж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа дахин УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар болж завсарлав.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ