Ерөнхий сайдаа данхайсан төрийн албаа ''цэвэрлэ''
Төрийн алба данхайсан тухай яриа огтын шинэ зүйл биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ сэдэв бодит дарамт болж хувирсан нь үнэн. Төсвийн мөнгө хаашаа урсаж байна вэ гэдгийг харвал татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж буй, үр ашиг нь тодорхойгүй асар том аппарат руу урсаж байна.
Өнөөдөр Монгол Улсад төрийн албанд 200 мянга давсан хүн ажиллаж байна. Үүнээс эмч, багш, цагдаа гэх мэт зайлшгүй шаардлагатай салбаруудыг хасвал бодлого тодорхойлдог, бичиг цаас эргүүлдэг, гарын үсэг зурдаг давхарга хэдэн арван мянгаараа үлдэнэ. Яг энэ хэсэг дээр асуудал төвлөрдөг. Учир нь энд ажлын ачаалал нэмэгдэхээс илүү орон тоо нэмэгдэхээс өөр нэмэргүй зардал үүсгэж байна.
Төрийн албан хаагчдын цалин харилцан адилгүй
- Доод шатны албан хаагч: ~800,000 – 1.5 сая төгрөг
- Дунд шат (мэргэжилтэн, хэлтсийн дарга): ~1.5 – 3 сая төгрөг
- Дээд шат (яам, агентлагийн удирдлага): 3–6+ сая төгрөг
Хэрэв нийт төрийн албан хаагчдын дундаж цалинг 1.5 сая төгрөг гэж баримжаалбал
- Сард: 300+ тэрбум төгрөг
- Жилд: 3.5–4 их наяд төгрөгийн цалингийн зардал гарч байна.
Энэ нь улсын төсвийн томоохон хэсгийг эзэлж буй баримт. Тиймээс “үр ашигтай эсэх” гэдэг асуулт зайлшгүй гарч ирэх нь зүй. Жилдээ хэдэн их наядаар хэмжигдэх энэ зардал бодит үр дүн авчирч байна уу гэвэл эргэлзээтэй. Иргэд төрийн үйлчилгээ авах гэж хэдэн цонхоор дамжиж, хэдэн гарын үсэг цуглуулж, хэдэн өдөр хүлээдэг хэвээр.
Сонгууль болгоны дараа төрийн алба зузаарах хандлагатай байдаг. Намд ажилласан, даргын цүнх барьж гүйсэн, кампанит ажилд зүтгэсэн хүмүүс төрд орж ирдэг. Энэ нь албан ёсны бодлого биш ч бодит амьдрал дээр давтагддаг жишиг. Ингээд мэргэжлийн бус, улс төрийн шалтгаант томилгоонууд нэмэгдэнэ. Хийх ажил нь тодорхойгүй ч цалин нь тогтмол хүмүүсийн давхарга үүссээр өдийтэй золгосон.
Засаг солигдох бүрт төрийн албыг цомхотгож ухаалаг болгоно гэж ярьдаг нэг зүйлтэй. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг хэмнэсэн өөдтэй ажил хийдэггүй. Өмнөх хүмүүсийг нь халаад өөрийн хүмүүсийг оруулж ирдэг. Бүтцийг нь өөрчилж, шинэ хэлтэс, шинэ агентлаг бий болно. Даргын хүн гэх ужигарсан ойлголт өөрчлөгддөггүй. Ингээд дээр нь давхарлаж нэмэгдсээр төрийн алба томорно. Энэ процесс аль нэг намд хамаарахгүй, ээлжилж төр барьсан бүх хүчнүүдийн үед байсаар ирсэн.
Сүүлийн жилүүдэд төр цахимжиж байна гэж ярих боллоо. Үнэхээр зарим үйлчилгээ онлайн болсон. Гэхдээ логикоор бол цахимжилт хүний орон тоог багасгах ёстой. Харин бодит байдал дээр систем нэмэгдсэн ч хүмүүс цөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь хүн хийдэг ажлыг одоо систем хийдэг болсон ч тэр хүний орон тоо хэвээр үлдсэн. Энэ бол шинэ зардал хуучин зардал дээр нэмэгдсэн гэсэн үг.
Төрийн албанд хэрэггүй маш олон орон тоо бий учраас гуравны нэгийг нь цэвэрлэх ёстой гэдэг санал үе үе цухалздаг. Энгийнээр бодоход, хэрэв ажлын байрны гуравны нэг нь үнэхээр илүүдэл бол төсөвт асар их хэмнэлт гарна. Гэхдээ нөгөө талд нь эрсдэл бий. Мэргэжлийн, туршлагатай хүмүүс улс төрийн шүүлтэд өртөөд хамт явчих магадлал өндөр. Үлдэх хэсэг нь дахиад л “хэний хүн бэ” гэдгээр бүрдэх аюултай.
Гол асуудал нь тоонд биш тогтолцоонд байна. Хэрэв томилгоо улс төрөөс хамааралтай хэвээр байвал өнөөдөр 200 мянга байгааг 150 мянга болгоод ч нэмэргүй. Дараагийн сонгуулийн дараа дахиад л өснө. Харин ажил хийдэг, хийдэггүйгээр нь ялгадаг, бодит гүйцэтгэлээр үнэлдэг систем тогтвол тоо өөрөө цөөрнө.
Төрийн алба бол халамжийн газар биш, улс төрийн шагналын сан ч биш. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг үйлчилгээний байгууллага. Хэрэв энэ энгийн зарчим алдагдвал хэдэн ч удаа “цэвэрлэе” гээд нэмэргүй. Данхайсан төрийг багасгах хамгийн эхний алхам бол хүмүүсийг халах биш, системийг өөрчлөх асуудал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ