Ардчилсан намын “гал тогоо”-г С.Баярцогт атгав
2027, 2028 оны сонгуулийн өмнөх хамгийн хариуцлагатай албан тушаалд томилогдлоо
С.Баярцогт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, тус намын ойрын хоёр том сонгуулийн хувь заяаг зангидах гол хүний нэг болж байна. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлаас түүнийг албан ёсоор батламжилснаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл үндсэндээ эхэллээ.
Мөн тус хурлаар намын дэд даргаар Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг батламжилсан байна.
ЕНБД гэдэг намын “мотор”
Монголын улс төрийн намуудад Ерөнхий нарийн бичгийн дарга буюу генсек гэдэг албан тушаал нь зөвхөн бичиг цаас хариуцдаг захиргааны ажил биш. Харин намын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, сонгуулийн стратеги, орон нутгийн аппарат, санхүүжилт, улс төрийн мессежийг нэгтгэн зангидаж явдаг хамгийн чухал “гал тогооны” төв гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл намын дарга улс төрийн нүүр царай байдаг бол генсек нь тэр намыг сонгуульд ажиллуулдаг “машин”-ыг хөдөлгөдөг хүн гэсэн үг. Тиймээс Ардчилсан нам С.Баярцогтыг энэ албан тушаалд томилсон нь ирэх сонгуулиудад ялах эсэх стратегийн шийдвэр гэж улс төрийн хүрээнд харж байна.
Ялангуяа УИХ-д 42 суудалтай болсон Ардчилсан намын хувьд одоо “сөрөг хүчин” гэхээс илүү эрх мэдлийн дараагийн өрсөлдөөнд бэлтгэж буй том улс төрийн хүчний статустай болсон. Ийм үед нам доторх фракц, ашиг сонирхол, лидерүүдийн өрсөлдөөнийг нэгтгэж чадах туршлагатай хүн хэрэгтэй болсон гэж намын эх сурвалжууд ярьж буй.
Унаж, босож явсан туршлага
С.Баярцогтын улс төрийн карьер Монголын шилжилтийн үеийн томоохон үйл явдлуудтай хамт явж ирсэн. Тэрээр өмнө нь Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд эдийн засгийн бодлого, олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд дээр түлхүү ажиллаж ирсэн улстөрчдийн нэг.
Нөгөө талдаа түүний нэр оффшорын асуудал болон улс төрийн томоохон маргаануудтай ч холбогдож байв. Гэсэн ч Ардчилсан нам түүнийг дахин төв аппаратынхаа гол албан тушаалд авчирч байгаа нь “туршлагатай тоглогч”-оо эргэн татаж буй хэлбэр гэж харагдаж байна.
Улс төр судлаачдын хувьд Ардчилсан нам сүүлийн жилүүдэд дотоод зөрчил, олон төвтэй лидерийн өрсөлдөөнөөс болж тогтвортой бүтэцгүй харагдаж ирсэн. Тиймээс эв нэгдэл, зохион байгуулалтыг хамгийн түрүүнд тавих хүн хэрэгтэй болсон нь С.Баярцогтын томилгооноос тодорхой харагдаж байна.
“Эв нэгдэл хамгийн эхний ажил”
Шинээр томилогдсон генсек С.Баярцогт “нам доторх бүх фракцтай уулзаж, нэг чигт зангидах ажлыг хамгийн түрүүнд хийнэ” гэдгээ мэдэгдсэн. Түүний хэлснээр Ардчилсан намын гол зорилго нь ирэх хоёр сонгуульд ялалт байгуулах бөгөөд үүний тулд залуу үеийн оролцоог нэмэгдүүлж, намын бүтцийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Тэр мөн “2027, 2028 онд ялах нь зөвхөн Ардчилсан намын хүсэл биш, нийгмийн захиалга” хэмээн онцолсон нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
С.Баярцогтын хэлсэн өөр нэг чухал санаа нь “хэн нэр дэвшихээс илүү ялалт байгуулж чадах бүтэц, баг, санхүүжилтийн системийг бий болгоно” гэсэн байр суурь байв. Энэ нь түүнийг зөвхөн улс төрийн илтгэл ярих бус сонгуулийн менежмент, намын аппаратын ажиллагаанд төвлөрч ажиллах дохио гэж ажиглагчид үзэж байна.
Ардчилсан намын өмнөх хамгийн том сорилт
Ардчилсан намын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн төрийн тэргүүний төлөө өрсөлдөөн биш. Харин 2028 оны парламентын сонгуулийн өмнөх улс төрийн гол “репетиц” болох магадлалтай.
Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргаж чадвал Ардчилсан нам эрх баригч Монгол Ардын Намтай хүч тэнцүү өрсөлдөх шинэ шатанд гарна. Харин эсрэгээрээ ялагдал хүлээвэл нам доторх фракцын тэмцэл дахин хүчтэй сэдэрч болзошгүй гэсэн болгоомжлол ч бий.
Ийм нөхцөлд генсекийн алба бол намын хамгийн өндөр эрсдэлтэй бөгөөд хамгийн их хүлээлттэй суудал болж байна. Өөрөөр хэлбэл С.Баярцогт одоо Ардчилсан намыг зөвхөн эвлэрүүлэх биш, ялалт байгуулах бодит үр дүн үзүүлэх том өртэй улс төрч боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ