Тахалын хөлөг” Тенерифе рүү явж байна
Испани улс хантавирусын дэгдэлт гарсан круиз хөлгийг Канарын арлуудын боомтод нэвтрэхийг зөвшөөрсөн гэх мэдээлэл тархаад байна. Тус хөлөг дээр ховор, аюултай хантавирусын дэгдэлт бүртгэгдсэн гэж дурджээ. Энэ хөлөг дээр 23 улсын 88 зорчигч, 59 багийн гишүүн байна. Хөлөг 4-р сарын 1-нд Аргентины Ушуайя хотоос гарч, Кабо-Верде рүү чиглэсэн аялал хийж байсан. Маршрут нь Антарктидын хойг, Өмнөд Жоржиа, Тристан-да-Кунья зэрэг дэлхийн хамгийн алслагдсан арлуудаар дайран өнгөрдөг. Энэ “тансаг экспедицийн” аяллын тасалбар 14–22 мянган еврогийн үнэтэй байжээ. Одоогоор Нидерландын гэр бүл (эхнэр, нөхөр) болон Германы нэг иргэн нас барсан гэж мэдээлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийт 8 халдварын тохиолдлыг баталгаажуулсан гэж дурдсан байна. Испанид энэ асуудлаар улс төрийн маргаан үүссэн бөгөөд Канарын арлуудын засгийн газрын тэргүүн Фернандо Клавихо уг хөлгийг оруулахыг эсэргүүцэж, Ерөнхий сайд Педро Санчесстай яаралтай уулзах хүсэлт гаргасан ч төв засгийн газар түүний саналыг хүлээж аваагүй гэжээ. Хөлөг гурван хоногийн дараа Канарын арлуудад хүрэх бөгөөд Гран-Канариа эсвэл Тенерифе дээр ирсний дараа зорчигч, багийнхныг шинжилгээнд хамруулж, дараа нь эх оронд нь буцаахаар төлөвлөж байна. Хүнд байдалтай байсан хөлгийн эмчийг аль хэдийн Канарын арлууд руу тусгай эмнэлгийн нислэгээр шилжүүлсэн байна.
Хантавирус гэж юу вэ, яагаад айдас төрүүлдэг вэ?
Хантавирус нь голдуу мэрэгч амьтдаас гаралтай халдварт вирус юм. Хүн халдвар авахдаа ихэвчлэн мэдэлгүй өртдөг. Мэрэгчдийн ялгадас, шээс хатаж тоос болж, хүн хаалттай орчинд амьсгалах үед уушгинд орж халдвар үүсгэдэг. Мөн бохир гадаргууд хүрсний дараа нүүрэндээ хүрэхэд халдварлаж болно. Жуулчид хуучин барилга байгууламж, амьтдын амьдрах орчинд очихдоо ийм эрсдэлд өртөх боломжтой байдаг. Хантавирусын төрөл зүйлс бүс нутгаас хамааран өөр өөр нөлөө үзүүлдэг: Ази, Европт бөөр, судас гэмтээдэг Америкт уушги, зүрхийг гэмтээж “хантавирусын уушгины хам шинж” үүсгэдэг. Хөлөг дээр гарсан байж болзошгүй гэж үзэж буй Андес штамм нь хамгийн аюултайд тооцогддог. Энэ нь Патагонид амьдардаг урт сүүлтэй мэрэгчээс халдварладаг бөгөөд нас баралтын түвшин 40% хүрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаын гол санаа зовниж буй зүйл нь энэ вирусын хүнээс хүнд дамжих боломж юм. Андес штамм нь ийм замаар дамждаг нь батлагдсан цөөн тохиолдлын нэг юм. Вирусын нууц үе 2–8 долоо хоног үргэлжилдэг тул хөлөг дээрх зарим хүн халдвар авсан ч одоогоор шинж тэмдэг илрээгүй байх магадлалтай. Одоогоор энэ өвчний эсрэг тусгай эмчилгээ байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ