Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидерүүд Монголд ирнэ

img

 

Монголд шатрын дэлхийн лидерүүд чуулна

Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар дэлхийн нэр хүндтэй шатрын тамирчид болон холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Тэрбээр саяхан Сингапур хотноо болсон Азийн шатрын лидерүүдийн уулзалтад оролцож, “Засаглал ба шатар” сэдвээр илтгэл тавьжээ. Чуулганы үеэр Германы шатрын багийн ахлагч, бизнес эрхлэгч Вадим Розенштэйнтэй нөхөрсөг халз тоглолт хийсэн бөгөөд өрсөлдөөнтэй өрнөсөн тоглолтын дараа Монголын тал ялалт байгуулсан байна.

Улмаар Вадим Розенштэйн Г.Занданшатарыг дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн багийн бүрэлдэхүүнд тоглох урилга хүргүүлжээ. Тэрээр энэхүү саналыг хүлээн авсан талаар эх сурвалжууд мэдээлэв.

Мөн өнгөрсөн сард Алматы хотод болсон сургуулийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Г.Занданшатар Монголын баг тамирчдаа дэмжин оролцсон байна. Тус арга хэмжээнд Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Казахстаны Шатрын холбооны ерөнхийлөгч, бизнес эрхлэгч Тимур Турлов нар оролцжээ. Энэ үеэр Тимур Турлов түүнтэй нөхөрсөг тоглолт хийсэн байна.

Түүнчлэн дэлхийн шатрын нэр хүндтэй төлөөлөгчид болох Аркадий Дворкович, Тимур Турлов, Вадим Розенштэйн нарын зочид Монголд айлчлахаар төлөвлөжээ. Тэд Улаанбаатар хотод 2026 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүрэлцэн ирэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ