АПУ КОМПАНИЙН HACKATHON 60 САЯЫН ИННОВАЦЫГ ТОДРУУЛЛАА

img

 

АПУ компани нийт ажилтнуудынхаа дунд “Шинэ санаачилга, бодит шийдэл” уриатай HACKATHON төслийг амжилттай зохион байгуулж, шилдэг санаа, хэрэгжих боломжтой шийдлүүдийг тодрууллаа. Нийт 60 сая төгрөгийн шагналын сантай энэхүү хөтөлбөр нь байгууллагын дотоод соёл, инновац, багийн хамтын ажиллагааг дэмжсэн томоохон санаачилгын нэг болсон байна.

Хакатон 2026 оны дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 7-ны хооронд хоёр үе шаттайгаар үргэлжилжээ. Ажилтнууд өөрсдийн шинэ санаа, бүтээлч шийдлээ танилцуулж, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт авчрах төслүүдээр өрсөлдсөн байна.

Төслийн гол зорилго нь компанийн үнэт зүйлсийг ажил хэрэгт бодитоор хэрэгжүүлэх, зөв хандлага болон хамтын ажиллагааг дэмжих, багийн соёлыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн хэрэгжих боломжтой, үр нөлөөтэй санаачилгыг дэмжих замаар ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчныг бүрдүүлсэн байна.

Оролцогчдын төслийг тодорхой шалгуураар үнэлжээ. Тухайлбал, санал санаачилга нь сонгосон чиглэлийн хүрээнд байх, хэрэгжүүлэх төлөвлөгөө нь ойлгомжтой, бодит шийдэлтэй байх, мөн байгууллагад үзүүлэх ач холбогдол, үр нөлөөгөө тодорхой харуулсан байх шаардлагатай байв.

Энэ удаагийн HACKATHON дөрвөн үндсэн чиглэлээр явагдсан бөгөөд тус бүр 15 сая төгрөгийн шагналын сантай байжээ. Үүнд:

Борлуулалт, маркетинг: Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шинэ шийдэл

Ажилтны туршлага ба соёл: Ажилтны сэтгэл ханамж, ажлын орчныг сайжруулах санаачилга

Байгаль орчин ба нийгмийн хариуцлага: Тогтвортой хөгжил, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл

Дижитал ба бүтээмж: Ажлын процессыг хялбарчилж, зардал бууруулах технологийн шийдэл

Төслийн шалгаруулалтыг удирдлагын зөвлөлөөс томилогдсон шүүгчид хоёр үе шаттайгаар явуулсан байна. Оролцогчдын цахимаар ирүүлсэн материал болон төслийн танилцуулгыг үндэслэн дүгнэжээ.

Шүүгчид шинэ санааны онцлог, бүтээлч байдал, бизнест үзүүлэх бодит нөлөө, хэрэглэгчид өгөх үнэ цэн, танилцуулгын ур чадвар, зардал хэмнэх боломж зэрэг үзүүлэлтийг гол шалгуур болгосон байна.

Ийнхүү HACKATHON нь зөвхөн шилдэг төслийг шалгаруулаад зогсохгүй, ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагаа, шинэ сэтгэлгээг дэмжсэн бүтээлч талбар болж чаджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ