АН бүлгийн даргаа сонгож чадах уу?

img

 

Улс төрийн намын дотоод бүтцийг тогтвортой авч явдаг гол тулгуур нь ерөнхий нарийн бичгийн дарга болон парламент дахь бүлгийн дарга гэсэн хоёр албан тушаал байдаг. Нэг нь намын аппарат, бодлого, зохион байгуулалтыг атгаж байдаг бол нөгөө нь хууль тогтоох байгууллага дахь улс төрийн жин, байр суурийг тодорхойлдог. Энэ утгаараа намын даргын улс төрийн нөлөө зөвхөн өөрийнх нь манлайллаар бус, эдгээр хоёр тулгуураар хэмжигддэг гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хувьд ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг С.Баярцогтоор шийдвэрлэсэн нь дотоод хүчний тэнцвэрийг хадгалах улс төрийн сонголт байв. Харин УИХ дахь бүлгийн даргын томилгоо өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй бөгөөд энэ хугацаанд О.Цогтгэрэл намын дарга, бүлгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа юм.

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийж, улс төрийн нөхцөл байдал болон дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцдэг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын бүлгийн хурлаар бүлгийн даргын асуудал нэлээд анхаарал татсан сэдэв болов. Намын даргын тал Х.Тэмүүжинг дэмжсэн бол Б.Пүрэвдоржийн зүгээс Б.Түвшингийн нэрийг дэвшүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч санал нэгдэж чадаагүй учраас асуудлыг түр хойшлуулжээ.

Хурлын явц дахь санал хураалт нам доторх хүчний харьцааг тодорхой хэмжээнд ил болгосон гэж хэлж болно. Бүлгийн даргыг яаралтай томилох саналыг 18 гишүүн дэмжсэн бол хэлэлцүүлгийг хойшлуулах Б.Пүрэвдоржийн саналыг 22 гишүүн дэмжсэн байна. Энэ нь О.Цогтгэрэлийн нөлөө бүлгийн хэмжээнд хангалттай олонх болж чадаагүйг харуулсан.

Нөгөө талаас энэхүү өрнөл нь С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн даргаар баталгаажуулах дотоод тохиролцоо илүү бэхэжсэн гэсэн ойлголтыг ч улс төрийн хүрээнд төрүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, бүлгийн даргын асуудал дээр санал зөрөлдөөн гарсан ч намын аппаратын удирдлагын төвшинд тодорхой зөвшилцөл бүрдсэн байж мэднэ.

Өнөөдрийн бүлгийн хурлаар Б.Түвшин болон Х.Тэмүүжин нарын аль нэгийг бүлгийн даргаар сонгох. Эсхүл О.Цогтгэрэл намын даргын албан тушаалтайгаа хамт бүлгийн даргын үүргийг үргэлжлүүлэн хавсарч гүйцэтгэх хувилбар юм. Сүүлийн өдрүүдэд намын зарим гишүүн намын дарга бүлгээ өөрөө удирдах нь улс төрийн хувьд зөв гэсэн байр суурийг илэрхийлэх болсон нь энэ хувилбарыг илүү бодитой болгож байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ