Н.Номтойбаяр орилоод, тохироод, таг болов уу?

img

 

Хамтарсан Засгийн газрын ширээний ард суусан цагаас хойш манай улстөрчдийн өнгө аяс яаж өөрчлөгдсөнийг олон нийт хангалттай харж байна. Сөрөг хүчний дүрээр “гал асааж” явсан хүмүүс сайдын суудалд очмогцоо гэнэт дөлөө намсгаж, өчигдөрхөн орилж байсан асуудлаа өнөөдөр мартчихсан мэт аашилдаг нь Монголын улстөрийн хамгийн хуучин, хамгийн танил үзэгдэл болжээ.

Үүний тод жишээ нь Шадар сайд Н.Номтойбаярын сүүлийн үеийн байр суурь. Тэрээр Н.Учралын Засгийн газар бүрдэхээс өмнө “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна” гэж сүр дуулиантай мэдэгдэж байсан. “Бодь”-той холбоотой асуудлыг сөхөж, улс төр бизнесийн сүлжээг ил гаргана гэсэн мессеж ч хүчтэй явсан. Тухайн үед түүнийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд ч цөөнгүй байв. Өөрөөр хэлбэл энэ асуудал зүгээр нэг попрол биш, парламентын түвшинд яригдах хэмжээнд хүрсэн гэсэн үг. Гэтэл өнөөдөр эхлүүлсэн ажил нь хаачив гэдэг асуулт гарч ирж байна.

Яагаад гэвэл улс төрийн тогоонд шинэ тохироо хийгдэж, Засгийн газрын өндөр албан тушаалд очсон мөчөөс эхлээд шүүмжилж асан бүх ажлууд нь мартагнах тийшээ болжээ. Шадар сайдын тамга атгаад ирэхээр тэмцлээ эвлэрэлээр дуусгачихсан юм биш биз...

Хөшигний ард “Бодь”-ийг хамгаалах улс төрийн ажиллагаа өрнөж байгаа тухай яриа ч тасрахгүй байна. Зарим эх сурвалжийн ярьж буйгаар, УИХ-ын гишүүдийг түр хорооны саналд гарын үсэг зурахгүй байхыг ятгасан хүмүүс ч байгаа гэх. Энэ бүхэн үнэн эсэхийг хууль, хяналтын байгууллага л тогтооно. Харин эрх мэдлийн тохирооны ард тэмцэгчид нам гүм болчихдог жишиг ахиад давтагдаж байгаа бололтой.

Уг нь парламентын гишүүн, сайд гэдэг албан тушаал авлаа гээд өмнө нь ярьж байсан асуудлаа булшилчихдаг ажил биш. Төрийн байгуулсан гэрээ, том төслүүд, их хэмжээний мөнгө эргэлдсэн бүтээн байгуулалт дээр эргэлзээ байвал шалгуулж, нягталж, шаардлагатай бол засаж явах нь улстөрчдийн үндсэн үүрэг. Харин манайд эсрэгээрээ, сандал ширээний наймаа дуусмагц дуугарч байсан хүмүүс нь гэнэт “төрийн хүн” болж хувираад, асуудлаа мартсан дүр эсгэдэг. Энэ л олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Учир нь хүмүүс тэмцэгчийн дүрд тоглосон улстөрч биш, хэлсэн үгэндээ эзэн болдог улстөрч хэрэгтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ