ТӨРИЙН АЛБЫГ ''УЛНЫ'' БОЛГОЖ БУЙ И.САРАНГЭРЭЛҮҮДЭЭС САЛЪЯ
Өчигдөр /2026.05.11/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны пэйжид нийтлэгдсэн эмгэнэлийн мэдээ олон нийтийн шүүмжлэл дагуулж, төрийн алба ичгэвтэр байдалд оров.... Алдаатай мэдээгээ засаж, залруулж, ичихдээ устгав.
Хүний овог, нэрийг буруу хэлэх бичих, дуудахыг тэвчихэд бэрх. Угаас энэ бол байж боломгүй доромжлол гэж үзэх хүмүүс олон. Гэтэл ССАЖЗЯ-ны хэвлэлийн албаны дарга И.Сарангэрэл гэгч нь талийгаач Ш.Гүрбазарын овгийг буруу бичсэн төдийгүй Монголын сор болсон зохиолч, яруу найрагчдын бүтээлийг хооронд нь хольж, хутган бичсэн нь олны дургүйцлийг хүргэсэн. Уг алдаа нь тус яамны хэвлэлийн албанд хамаатай бөгөөд алдаа гаргасан хүмүүстэй хариуцлага тооцно гэв. Сайд Ж.Алдаржавхлан өөрийнхөө цүнх баригчдад ямар хариуцлага тооцох бол. Халах уу, цалинг нь хувьдаад толгойг нь илээд өнгөрөх үү?
Төрийн байгууллагын олон нийтэд чиглэсэн мэдээ, ялангуяа хүний амьдрал, гавьяаг дурдсан эмгэнэл зэрэг баримт мэдээлэл нь хамгийн өндөр түвшний хяналт, шаарддаг. Гэвч ийм төрлийн алдаа гаргасан нь мэргэжлийн бус тэгээд редакцийн давхар хяналт, шатлал хангалтгүй байгааг нь харуулж буй хэрэг. Манай төрийн албаны хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, мэргэшлийн тогтолцоо хангалттай хэмжээнд мерит зарчимд тулгуурлаж байна уу гэсэн асуулт олон жил яригдсаар ирсэн. Гэвч нээлттэй, тогтмол үнэлгээ, гүйцэтгэлд суурилсан хариуцлагын механизм сул хэвээр байгааг энэ мэт жижиг мэт боловч олон нийтэд ил тод гарч ирсэн алдаанууд дахин дахин сануулж байна.
Нийгэмд түгээмэл болсон “цүнх баригч” гэх нэршил нь хувь хүн рүү чиглэсэн доромжлол гэхээсээ илүү, төрийн албанд орох, дэвших процесс мэргэжлийн шалгуураас илүү улс төрийн нөлөөнд автсан гэх шүүмжлэл байдгийг ч Ж.Алдаржавхлангийн ‘’цүнх баригчид’’ нотлоод өглөө. Ж.Алдаржавхлан ССАЖЗ-ын салбарыг дүүргийн ажил хийхтэй адил юм ярьж, засаг даргаар ажилласан туршлага бий, сайд хийчих байлгүй гэж аархаж байсан цаг саяхан. Атал яаманд шургуулсан түүний багийн байж байгаа царай яамаа ч бус төрийн албыг нийтээр нь шившиглэв. Ж.Алдаржавхлангийн намтрыг хүртэл худал гэж шүүмжлэх хүмүүс мэр сэр бий. Гэхдээ тэр маргааныг түр орхиё. Улс төрч хүн өөрөө сайн, муу байх нь нэг хэрэг ч, сонгогчдын алдаа, онооноос үл хамааран төрд орж ирсэн нөхцөлд наандаж өөрийн баг, тойрон хүрээллээ мэргэжлийн, чадвартай хүмүүсээр бүрдүүлэх ёстой байх.
Харамсалтай нь, Ж.Алдаржавхлан энэ тал дээрээ муу бололтой. Чадваргүй, туршлагагүй хүмүүсийг ойр орчимдоо татсанаар зөвхөн өөрийнхөө нэр хүндэд төдийгүй нийт ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагууллаа. Эцэст нь хувь хүний алдаа гэхээс илүү институцийн итгэл үнэмшил, олон нийтийн хүлээлтэд хүртэл сэв суух хэмжээнд хүрч байна. Иймээс л улс төрийн манлайлал гэдэг нь зөвхөн сонгогдохоор хязгаарлагдах бус, харин шийдвэр гаргалт, багийн сонголтоороо өөрийн нэр хүндийг хамгаалж, бататгах үүрэгтэй үйл явц юм.
Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэгддэг, нийгмийн бодлогын гол гүйцэтгэх механизм байх учиртай хамгийн том бүтцүүдийн нэг. Гэвч энэ бүтэц жил ирэх тусам данхайж, үр ашиг, хариуцлагын тухай яриа бодит үр дүнтэй нийцэхгүй байсаар байна. Иргэдийн нуруун дээрх татварын ачааллаас бүрдсэн их хэмжээний хөрөнгө цалин, урамшуулал, зардал хэлбэрээр урссаар атал төрийн үйлчилгээний чанар, шуурхай байдал, мэргэжлийн чадавх нь хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг нэмэгдүүлсээр байна. Чадавхжуулах, шинэчлэх тухай яриа үе үе өрнөдөг ч бодит амьдрал дээр намын харьяалал, танил тал, “цүнх баригчдын” томилгоо давамгайлсаар, мерит зарчим утгаа алдаж байна. Тиймээс төрийн албыг улны ул болгож байгаа И.Сарангэрэлүүдээс салсан цагт мерит зарчим бодит ажил хэрэг болох буй за.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ