ЗЭСЭЭ БОЛОВСРУУЛЖ, НҮҮРСЭЭ УГААЯ, АЛТАА ЦЭВЭРШҮҮЛЬЕ

img

 

Монголын эдийн засгийг эргээд харвал бид дандаа түүхий эдийн улс байсаар иржээ. Энэ хэв маяг зуун дамнаад ч үндсэндээ өөрчлөгдсөнгүй.

Үүний шалтгаан нь зөвхөн хөрөнгө оруулалт дутагдсандаа биш. Бодлогын тогтворгүй байдал, дэд бүтцийн хөгжил сул, боловсруулалтын үйлдвэрлэлийн хоцрогдол зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж иржээ. Эцэстээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал хэвээр үлджээ.

Социализмын үед бид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ мах, ноос, арьс шир гээд түүхийгээр нь гаргадаг байлаа. Тухайн үеийн тогтолцоо, боломж нь тийм байсан байж болно. Гэхдээ систем солигдож, зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч энэ хандлага бараг хэвээр үлдсэн. Зүгээр л өөрчлөгдсөн зүйл нь малын гаралтай түүхий эдийн оронд уул уурхайн бүтээгдэхүүн голлох болсон явдал. Одоо бид нүүрс, зэс, төмөр, цайр гээд байгалийн баялгаа олборлож байна. Гэхдээ ихэнх нь мөн л баяжмал, анхан шатны боловсруулалттайгаа л гадагш гарч байна. Өөрөөр хэлбэл үнэ цэнийг нь дотооддоо шингээхээсээ өмнө экспортолж байна гэсэн үг. Үүнд л хамгийн гол асуудал бий. Бид экспорт хийж байна, орлого олж байгаа ч үнэндээ нэмүү өртөг шингээх хамгийн том боломжоо өөрсдөө алдаж байна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргаад байхаар эдийн засаг өсөлттэй харагдаж болох ч бодит хөгжил, ажлын байр, технологи, үйлдвэрлэлийн суурь бааз бий болохгүй. Манайд боловсруулах үйлдвэрлэл хангалтгүй, тэрийг дэмжих бодлого тогтворгүй байгаатай холбоотой. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг урт хугацааны, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл өнөө үед хурдан ашиг өгдөг түүхий экспорт илүү амархан сонголт болж хувирсан байна. Ингээд бодоход төрийн бодлого нь өөрөө түүхий эд гаргахад илүү таатай хандаж, харин боловсруулах үйлдвэрлэл хийхэд хойрго явж ирсэнд байна.  Үүний үр дүнд бид уул уурхайтай ч уул уурхай дээр суурилсан үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бараг бий болгож чадсангүй. Хэрвээ бид энэ байдлаас гарахыг хүсвэл асуудлыг тойроод явах боломжгүй. Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг боловсруулах үйлдвэрүүдийг бодитоор дэмжихээс өөр гарц байхгүй. Зэсээ зөвхөн баяжмал хэлбэрээр биш, кабель, эд анги, тоног төхөөрөмж болгон үйлдвэрлэдэг болох. Төмрөө ган бүтээгдэхүүн болгож ашигладаг болох. Малын гаралтай түүхий эдээ эцсийн хувцас, бүтээгдэхүүн болгоод гаргадаг болох хэрэгтэй байна. Гэхдээ энэ бүгдийг хийхэд хамгийн чухал зүйл бол мэдээж татварын бодлого. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдээ дарамтлах биш, харин дэмжих ёстой. Одоогийн байдлаар Монголын эдийн засаг түүхий эдээ гаргаад орлого олдог хэв маягтай л явж байна. Үүнийг нэг дор өөрчилнө гэж байхгүй ч аажмаар өөр зүйл рүү шилжих хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нүүрс, зэс, малын түүхий эдээ гаргаад байхын оронд тэдгээрийг дотооддоо боловсруулаад, илүү бэлэн бүтээгдэхүүн болгож байж гадагш гаргадаг тогтолцоо руу алхам алхмаар орно гэсэн санаа юм. Ингэж байж л бид түүхий эдээс хэт хамааралтай өнөөгийн байдлаасаа гарч, илүү тогтвортой хөгжлийн зам руу орж чадна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ