ДЭМБ хантавирусийн 42 хоногийн тусгаарлалт зөвлөв

img

 

ДЭМБ-аас “MV Hondius” аяллын хөлөг дээр бүртгэгдсэн хантавирусийн халдвартай холбоотойгоор урьдчилан сэргийлэх түр зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид хөлгийн бүх зорчигч болон багийн гишүүдийг онгоцноос буусны дараа 42 хоногийн хугацаанд гэрийн нөхцөлд эсвэл тусгай тусгаарлах байранд ажиглалтад байлгах шаардлагатай гэж дурдсан байна.

“MV Hondius” хөлөг тавдугаар сарын 10-нд Испанийн Канарын арлууд дахь Тенерифе аралд хүрч очсон бөгөөд зорчигчдыг халдвар хамгааллын хатуу журам мөрдүүлэн буулгажээ. Одоогоор тэднийг эх орнуудад нь эрүүл мэндийн үзлэг, ажиглалт болон хорио цээрийн дэглэмд хамруулж байгаа аж.

ДЭМБ-аас энэхүү нөхцөл байдлыг олон нийтэд өндөр эрсдэлтэй түвшинд хүрээгүй гэж үнэлсэн бөгөөд Covid-19 цар тахлын хэмжээнд авч үзэхгүй байхыг анхааруулсан байна. Гэсэн хэдий ч олон хүн энэ үйл явдлыг цар тахлын эхэн үеийн нөхцөлтэй адилтган болгоомжилж байгаа талаар мэдээлжээ.

Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтдын шээс, шүлс, ялгадастай хавьтах үед дамждаг. Шинжилгээний дүнгээр зарим өвчтөнөөс Өмнөд Америкт түгээмэл тохиолддог андесвирус гэх хантавирусийн төрөл илэрсэн байна. Энэ төрлийн вирус нь хүнээс хүнд дамжих боломжтой ч ийм тохиолдол тун ховор гэж үздэг.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус вирусийн нууц үе зургаан долоо хоног хүртэл үргэлжилж болзошгүйг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ