Орон сууцжуулалтын банк байгуулна
Монголд байртай болох мөрөөдөлтэй айл олон ч амьдрал дээр урьдчилгаа, өндөр үнэ, хүрэлцээгүй зээл гэдэг гурван том даваа байсаар байна. Сүүлийн 13 жилийн хугацаанд ипотекийн зээлээр 144 мянга гаруй өрх орон сууцтай болсон ч одоо ч 47 мянга орчим айл шинэ байранд орох хүсэлттэй, хүлээлтэд байна.
Өнөөдөр айл өрхийн амьдралын хамгийн том дарамт нь байрны асуудал хэвээр. Нийслэлд дундаж орлоготой гэр бүл байр авахын тулд 20-30 жилийн өрөнд орж байна. Зарим нь урьдчилгаа мөнгөө бүрдүүлж чадахгүйгээс түрээс, хашаа байшин, гэр хорооллын амьдралаас гарч чаддаггүй.
Ипотекийн 6 хувийн зээл анх гарч ирэхдээ олон айлд боломж нээсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд байрны үнэ өсөж, зээлийн шалгуур чангарсан нь иргэдийг дахин байртай болох мөрөөдлөөс холдуулж эхэлжээ. Монголбанкны судалгаагаар орон сууцны зээлийн хэрэгцээ нийлүүлэлтээсээ давсан хэвээр байгаа бөгөөд шийдэгдээгүй хүсэлт хэдэн их наядаар хэмжигдэх болсон байна. Нөгөө талдаа арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл олголтоо нэмэгдүүлж, нийт орон сууцны зээлийн 60 гаруй хувийг бүрдүүлж байгаа ч энэ нь өндөр шалгуур, өндөр орлоготой хүмүүст илүү нээлттэй байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Тиймээс төрөөс “Орон сууцжуулалтын банк” байгуулах асуудлыг дахин сөхөж эхэллээ. Гол санаа нь зөвхөн банк байгуулах биш, харин урьдчилгаа төлбөрийн босгыг багасгах, залуу гэр бүлүүдийг хамтарсан өмчлөлтэй буюу “Shared Mortgage” хэлбэрээр байртай болгох шинэ систем нэвтрүүлэхэд чиглэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, айл өрх байрныхаа тодорхой хувийг өөрөө эзэмшиж, үлдсэн хэсгийг төр эсвэл тусгай сан хамтран санхүүжүүлэх загвар яригдаж байна. Ингэснээр залуу гэр бүлүүд 30-40 хувийн урьдчилгаа бүрдүүлэх гэж олон жил хүлээхгүй болох боломжтой гэж үзэж байна. Орон сууцжуулалт одоо зөвхөн барилгын салбарын асуудал биш болсон. Утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн стресс, цаашлаад салалтын асуудалтай хүртэл холбож ярьдаг болсон. Учир нь гэр хороололд амьдарч буй олон айл тогтмол дулаан, дэд бүтэцгүй орчинд олон жил амьдарч байна. Ипотекийн бодлого зөв явбал яндангийн тоо буурч, дундаж давхарга тэлж, эдийн засагт урт хугацааны тогтвортой өсөлт авчрах боломжтой. Харин санхүүжилтийн эх үүсвэр, инфляц, байрны үнийн хөөрөгдөл зэрэг асуудлаа зэрэг шийдэхгүй бол шинэ банк байгуулаад ч иргэдэд бодит үр дүн мэдрэгдэхгүй байж магадгүй гэдгийг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ