Москва өөрийн нөлөөг хадгалах оролдлого
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны тавдугаар сарын 19–20-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болсныг Кремль болон Хятадын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгдсэн. Айлчлал Ши Жиньпиний урилгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр улсын “Найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ”-ний 25 жилийн ойтой давхцаж байна. Энэхүү айлчлалын онцлог нь АНУ-ын Ерөнхийлөгч Бээжинд хийсэн төрийн айлчлалын дараахан болж байгаагаараа олон улсын анхаарлыг татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Кремлийн зүгээс Вашингтон-Бээжингийн уулзалтын үр дүнг үнэлж, Орос-Хятадын стратегийн түншлэлээ улам бэхжүүлэх зорилготой байна. В. Путин, Ши Жиньпин нарын уулзалтаар худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагаа, барууны хоригийн нөхцөл дэх эдийн засгийн байдал, Украин болон Ираны асуудлууд, олон туйлт дэлхийн дэг журам, аюулгүй байдал, технологийн хамтын ажиллагааны талаар яригдах байх гэсэн тойм байна. Кремлийн мэдээлснээр хоёр тал “иж бүрэн стратегийн түншлэл”-ээ цаашид гүнзгийрүүлэх талаар хэлэлцэнэ гэжээ. Сүүлийн жилүүдэд Москва, Бээжин хоёрын харилцаа эрчимтэй ойртож байгаа бөгөөд 2022 онд хоёр улс “хязгааргүй түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан. Барууны орнуудын хориг, АНУ-Хятадын өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед Москва- Бээжингийн уулзалт нь дэлхийн геополитикийн тэнцвэрт нөлөөлөх чухал үйл явдал гэж ажиглагчид үзэж байна. Зарим судлаачдын үзэж буйгаар энэ удаагийн айлчлал нь АНУ-Хятадын харилцааг тогтворжуулах оролдлогын дараа Орос өөрийн нөлөөг хадгалах дипломат алхам байж магадгүй юм. Харин Хятад улс АНУ болон ОХУ-ын хооронд стратегийн тэнцвэр хадгалахыг зорьж байна гэж дүгнэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ