Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий
Х.Нямбаатар огцорсноор Нийслэлийн дараагийн шинэ Засаг дарга хэн бэ гэдэг асуудал энэ өдрүүдийн халуун сэдэв болоод байна. Улаанбаатар бол зөвхөн орон нутгийн нэгж биш, улсын хүн амын тал нь төвлөрсөн, төсвийн хамгийн том урсгал эргэлддэг улс төр, эдийн засгийн төв. Тиймээс хотын дарга хэн болох вэ гэдэг нь төр засгийн бодлоготой шууд холбогддог учиртай.
Гурван жилийн турш нийслэлийн улс төр, төсөв, газрын бодлого, томоохон тендерүүдийг төвлөрүүлэн удирдсан Х.Нямбаатарын нөлөө суларч эхэлсэнтэй зэрэгцэн Улаанбаатарын дараагийн Засаг даргын марафон эхэлсэн. Өчигдрөөс эхлэн улс төрийн хүрээнд хэд хэдэн нэрсийг туршилтын байдлаар олон нийтэд чулуудаж, нийслэлийн эрх мэдлийн төлөөх дотоод өрсөлдөөн илүү тодорч эхэллээ. Одоогийн байдлаар Ерөнхий сайдын тал Б.Пүрэвдагвыг, харин Х.Нямбаатарын нөлөө бүхий нийслэлийн фракц Ж.Сандагсүрэнг дэмжихээр тохирсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд эрчимтэй яригдаж байна. Ялангуяа нийслэлийн МАН-д сүүлийн жилүүдэд Х.Нямбаатарын нөлөө хүчтэй болсон учраас түүний оруулж ирэх Ж.Сандагсүрэн НИТХ-ын тэргүүлэгчид болон олонхийн дэмжлэг авах магадлал өндөр гэж үзэж байгаа юм.
Гэхдээ улс төрийн гол зангилаа эндээс эхэлнэ. Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.7-д Ерөнхий сайд нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв НИТХ Ж.Сандагсүрэнгийн нэрийг дэмжин оруулж ирвэл Ерөнхий сайд Н.Учрал эхний удаад буцаах бүрэн боломжтой гэсэн үг.
Гэвч мөн хуулийн 56.9-д, ИТХ-аас дахин нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор томилох үүрэгтэй гэж тодорхой заасан. Ингэснээр Ерөнхий сайдын эрх нэг удаагийн улс төрийн хоригийн хэмжээнд хязгаарлагдаж байгаа юм. Тиймээс өнөөдрийн тулаан зөвхөн хэн хотын дарга болох вэ гэдэг дээр бус, нийслэлийн МАН дахь Х.Нямбаатарын үлдсэн нөлөө хүчтэй хэвээр үү, эсвэл Засгийн газар нийслэлийн эрх мэдлийг өөрийн талд эргүүлэн авах уу гэсэн томоохон дотоод тэмцлийн илэрхийлэл болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ