Чэжүд 18 тэрбум вонын цахим мөрийтэй тоглоомын сүлжээ илэрч, Монголын иргэд баривчлагджээ

img

 

Өмнөд Солонгосын Чэжү мужид Монгол иргэдийг онилсон хууль бус цахим мөрийтэй тоглоомын томоохон сүлжээг илрүүлжээ.

Чэжү мужийн цагдаагийн байгууллага 18 тэрбум вонын бооцооны эргэлттэй, зохион байгуулалттай цахим мөрийтэй тоглоомын сүлжээг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Уг бүлэглэл нь Чэжү хотод байрлах орон сууцны гурван байрыг түрээслэн, тэндээсээ баккара, слот зэрэг казино төрлийн тоглоом ажиллуулдаг байжээ.

Мөрдөн шалгалтаар тэд 2025 оны аравдугаар сараас эхлэн сошиал сүлжээгээр дамжуулан Монгол иргэдийг элсүүлж, зургаан сарын хугацаанд 8000 орчим хэрэглэгч татсан нь тогтоогдсон байна. Нийт бооцооны хэмжээ 18 тэрбум вон хүрч, хууль бус орлогоос хамгийн багадаа 680 сая вон олсон гэж үзжээ.

Ажиллагааны үеэр цагдаа нар компьютер, бэлэн мөнгө болон тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан байна. Хэргийг зохион байгуулсан гол сэжигтний нэг нь гадаад руу оргон зайлсан бөгөөд Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр Монголын дөрвөн иргэн баривчлагдсан бөгөөд тэдний хоёр нь орогнол хүсэгч, хоёр нь хууль бус оршин суугч байсан аж. Харин албаныхан нэр, нас, хүйсийг нь олон нийтэд мэдээлээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ