ТӨК-ийг татан буулгах асуудлыг хэлэлцэнэ
Төр бизнес хийх ёстой юу, эсвэл зөвхөн бодлогоо барих ёстой юу гэдэг асуулт Монголд олон жил маргаан дагуулж ирсэн. Харин өнөөдөр Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгах асуудлыг хэлэлцэх гэж буй.
Монгол Улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 123 компани ажиллаж байна. Эдгээр байгууллага нийт 58 мянга гаруй ажилтантай, 64 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 2023 онд 23.6 их наяд төгрөгийн орлого олжээ. Тоон үзүүлэлтээрээ бол үндэсний эдийн засгийн томоохон тоглогчид. Гэвч энэ том бүтэц үр ашигтай ажиллаж байна уу гэдэг дээр асуудал яригддаг.
Учир нь өнгөрсөн оны санхүүгийн тайлангаар төрийн өмчит компаниудын 43 хувь нь алдагдалтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл, бараг хоёр компанийн нэг нь ашиг биш, алдагдал үйлдвэрлэжээ. Түүнээс ч анхаарал татах зүйл нь нийт цэвэр ашгийн 92 хувийг цөөн хэдхэн компани бүрдүүлсэн байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” дангаараа 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол “Эрдэнэт үйлдвэр”, “Төрийн банк”, “МИАТ” зэрэг цөөн байгууллага ашигтай ажилласан байдаг. Харин үлдсэн олон компани төсөвт дарамт болж, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсаар иржээ.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниудын талаар нэгдсэн бодлого, тодорхой хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна. Аль салбарт төр компани байгуулж болох, ямар тохиолдолд татан буулгах, хэзээ хувьчлах ёстой вэ гэдэг нь тодорхой бус. Үүний улмаас зарим төрийн өмчит компани хувийн хэвшилтэй шууд өрсөлдөж, зах зээлийн тэгш бус орчин үүсгэж байгаа талаар шүүмжлэл бий.
Ялангуяа төр өөрөө дүрэм тогтоогч атлаа нөгөө талд нь бизнесийн оролцогч болж орж ирэх нь зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимтай зөрчилддөг гэж эдийн засагчид үздэг. Учир нь төрийн компаниуд татвар, санхүүжилт, лиценз, бодлогын дэмжлэг зэрэг олон давуу нөхцөлтэй байдаг бол хувийн хэвшил ижил эрсдэл дунд өөрийн хөрөнгөөр өрсөлдөхөөс өөр аргагүй болдог.
Нөгөө талдаа төрийн өмчит компаниуд стратегийн салбарт зайлшгүй хэрэгтэй гэж үзэх байр суурь ч бий. Эрчим хүч, төмөр зам, уул уурхай зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт төр оролцохгүй бол эдийн засгийн хяналтаа алдах эрсдэлтэй гэж тайлбарладаг. Тиймээс асуудлын гол нь төр өмчтэй байх эсэхдээ биш, харин тэр өмчөө хэрхэн удирдаж байгаад байгаа юм.
Өнөөдөр яригдаж буй шинэ хууль, бүтцийн өөрчлөлтийн зорилго нь төрийн өмчит компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулахад чиглэж буй. Өөрөөр хэлбэл, ашиггүй, чиг үүрэг нь тодорхойгүй, зах зээлд давхардсан үйл ажиллагаа явуулдаг компаниудыг татан буулгах, нэгтгэх, эсвэл өөр хэлбэрт шилжүүлэх асуудал яригдах учиртай. Уг нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцсэн ч батлаагүй.
Гэхдээ энэ реформ амархан хэрэгжихгүй. Учир нь төрийн өмчит компаниуд зөвхөн эдийн засгийн бүтэц биш, улс төрийн нөлөөллийн том сүлжээ болсоор ирсэн. Төлөөлөн удирдах зөвлөл, томилгоо, тендер, худалдан авалт гээд асар их эрх ашиг энд төвлөрдөг. Тиймээс татан буулгах тухай яриа нь дан ганц эдийн засгийн шийдвэрээс гадна улс төрийн зориг шаардсан алхам болж хувирна.
Монголд төрийн өмчит компаниудын асуудал ашигтай эсвэл алдагдалтай ажилласнаар хэмжигдэхээсээ илүүтэйгээр төр ямар үүрэгтэй байх вэ гэдэг суурь асуулттай холбоотой болж байна. Хэрэв төр зах зээл дээр тоглогч хэвээр үлдэх бол ил тод, хариуцлагатай, ашигтай ажиллах шаардлагатай. Харин үгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр алдагдал нөхдөг тогтолцоо цаашид удаан үргэлжлэх боломжгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ