Хөрөнгө оруулагчдыг урьсан ч Бортээгийг МАН авч үлдэв
Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, бизнесийн эрх чөлөөг өргөжүүлэх зорилго бүхий томоохон эрх зүйн шинэчлэл эхлүүлж буй энэ үед Бортээгийн нүүрсний ордын асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд анхаарал татсан сэдэв болж байна. Нэг талаас Засгийн газар хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй орчин бүрдүүлэхээ зарлаж байгаа бол нөгөө талаас олон улсын тендерээр хөрөнгө оруулагч сонгох ажиллагаа амжилтгүй болж, төслийн менежментийг төрийн өмчит компанид шилжүүлэх шийдвэр гарсан нь бодлогын түвшний тодорхой зөрчлийг ил гаргав.
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, нийт 115 хуульд холбогдох өөрчлөлт хийхээр дэмжсэн. Энэхүү шинэчлэлийн зорилго нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, бизнес эрхлэх нөхцөлийг илүү таатай болгоход чиглэж байгаа юм. Гэвч яг энэ бодлогыг танилцуулсан хуралдаанаар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал мөн хэлэлцэгдсэн нь анхаарал татаж байна. Тус ордын олборлолтын менежментийг хэрэгжүүлэх олон улсын сонгон шалгаруулалтад долоон аж ахуйн нэгж оролцсон ч тендерийн босго оноог нэг ч компани давж чадаагүй аж. Үүний дараа Засгийн газар төслийг үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хууль эрх зүйн орчин бүрдүүлж байна гэж мэдэгдэж буй Засгийн газар яагаад олон улсын тендерийн үр дүнг төрийн менежментээр орлуулах шийдвэрт хүрэв?
Тендерт оролцогчид тавигдсан шаардлагыг хангаагүй учир төслийг үндэсний компани хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болсон гэх байр суурийг Засгийн газар илэрхийлж байгаа юм. Гэхдээ засгийн газрын энэ шийдвэр огтоос эрүүл сонсогдсонгүй. Бортээгийн орд нь сүүлийн жилүүдэд улс төрийн хүрээнд хамгийн их яригдсан стратегийн ордуудын нэг болж хувирсан. Өмнө нь уг ордын ашиглалт, эзэмшилтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд улс төрийн нөлөө бүхий бүлэглэлүүдийн ашиг сонирхол огтлолцдог талбар болсон гэх хардлага ч гарч байв. Шүүх, хууль хяналтын байгууллагын түвшинд эцэслэн тогтоогдсон асуудал биш ч улс төрийн хүрээнд Бортээгийн ордыг тойрсон тэмцэл үргэлжилсээр буйг Засгийн газрын шийдвэр ч батлаад өгөв. Ийм нөхцөлд төслийн удирдлагыг төрийн өмчит компанид шилжүүлсэн шийдвэр нь эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн үр дагавар дагуулах нь тодорхой. Учир нь Монголын уул уурхайн салбарт төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалын асуудал олон жилийн турш шүүмжлэлийн бай болсоор ирсэн. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”-н жишээ энэ асуудлыг дахин сөхөхөд хүргэж буй. Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй уул уурхайн хөрөнгийн нэгийг эзэмшдэг тус компанийн үйл ажиллагаа нь нэг талаас улсын төсөв, экспортын орлогын чухал эх үүсвэр болсон ч нөгөө талаас нүүрсний худалдаа, худалдан авалт, тээвэрлэлтийн асуудлуудтай холбоотой томоохон маргаан, авлигын шинжтэй хэрэг, улс төрийн дуулиануудын бай болж байсан түүхтэй. Энэ нь төр уул уурхайн бизнесийг дангаар удирдах нь үр ашигтай юу, эсвэл төр бодлогоо тодорхойлж, харин менежментэд хувийн хэвшлийн өрсөлдөөнт оролцоог түлхүү хангах ёстой юу гэсэн асуудлыг дахин хөндөж байна. Бортээгийн орд нь Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр нээлттэй вэ гэдгийг харуулах нэг сорилт болж байна. Учир нь Засгийн газар олон улсын тендер зарлаж, гаднын компаниудыг оролцохыг урьсан ч эцэст нь төслийг төрийн өмчит компанид хариуцуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улс үнэхээр хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байна уу, эсвэл эцсийн мөчид төр өөрөө бүхнийг авч үлддэг үү гэсэн эргэлзээ төрүүлэх магадлалтай юм.
Тиймээс Бортээгийн орд өнөөдөр зөвхөн нэг уурхайн төслөөр хязгаарлагдахгүй. Энэ бол Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих үү, төрийн оролцоог тэлэх үү гэсэн бодлогын бодит шалгалт боллоо. Хэрэв төсөл ил тод, үр ашигтай хэрэгжиж чадвал төрийн менежментийн давуу талыг нотлох боломж бий.
Хэрэв Бортээгийн ордын менежмент үнэхээр төрийн мэдэлд төвлөрч, улмаар эрх баригч нам болон түүний доторх нөлөө бүхий бүлэглэлийн мэдэлд орвол энэ орд Монголын эдийн засгийн шинэ боломж гэхээсээ илүү үр өгөөж нь хэний гарт очих вэ гэдэг асуултыг тавихад хүргэнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит томоохон компаниудыг тойрсон маргаан, авлигын дуулиан, улс төрийн томилгоонууд ийм болгоомжлол төрүүлэхэд хүргэсэн. Тиймээс Бортээгийн орд ард түмэнд өгөөжөө өгөх баялаг болох уу, эсвэл эрх мэдэлд ойр бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг тэтгэх ээлжит "саалийн үнээ" болох уу гэдэг асуултыг нээлттэй үлдээе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ