Иргэдэд мөрөөдөл заах хэрэггүй О.Цогтгэрэл даргаa
“Монголчууд бид мөрөөдлөө хэзээ ч орхихгүй” гэж хэлэх амархан л даа. Харин өнөөдөр жирийн монгол хүн мөрөөдлөө бодох завтай байна уу? гэж АН-ын дарга О.Цогтгэрэлээс асууя.
Үе үеийн эрх баригчдын ярьсан хөгжил, шинэчлэл, боломжийн тухай уриа өдөр тутмын амьдрал дээр иргэдийн хэдэн хувьд нь бодит боломж болж хувирав?
Өнөөдөр олон хүн мөрөөдөхөөсөө өмнө маргаашийнхаа хоолыг, байрны зээлээ, түрээсээ, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, машины зээлээ боддог болсоныг та нар ер нь мэдэх үү? аль эсхүл албаар иргэдээ тавлаад байдаг юм уу? Өглөө ажилдаа яваад орой гэртээ харих хүртлээ борви бохис хийх завгүй хөдөлмөрлөсөн ч сарын эцэст үлдэх зүйл нь өр төлбөр байдаг бол “мөрөөдөл” гэдэг үг чинь хүртэл тансаг хэрэглээ мэт санагдаж байна.
Монгол хүний мөрөөдөл ч аажмаар ахуйгаасаа халирахаа больжээ.
Унах унаатай болох, орох оронтой болох, зээлээ хугацаандаа төлөх, хүүхдээ сургах, маргааш өлсөхгүй байх… Ингээд л дуусна.
Уг нь хүний мөрөөдөл үүгээр хязгаарлагдах ёсгүй. Сайн боловсрол эзэмших, хүссэн мэргэжлээрээ ажиллах, бизнесээ өргөжүүлэх, бүтээл туурвих, дэлхий үзэх, эрүүл саруул амьдрах, хүүхдэдээ өөрөөсөө илүү боломж үлдээх тухай мөрөөдөл байх учиртай. Гэтэл манай эрх баригчид иргэдээ мөрөөдөхөөс нь өмнө амьд үлдэхийн төлөө тэмцдэг болгочихсон.
Гэхдээ энэ бол зөвхөн нэг нам, нэг Засгийн газар, нэг улс төрчийн бий болгосон асуудал биш. Олон жил үргэлжилсэн бодлогын алдаа, авлига, хэт улс төржилт, тогтворгүй шийдвэр, боломжийн тэгш бус хуваарилалтын хуримтлагдсан үр дүн. Тиймээс өнөөдөр улс төрийн тайзан дээрээс “иргэдээ бодож байна”, “Монгол хүний амьдралыг сайжруулна”, “шинэ боломж бий болгоно” гэх үгийг сонсох бүртээ бид хэрсүү байх шаардлагатай гэдгийг зориуд хэлье.
Улс төрчдийн амьдралын түвшин өсөж, бизнесийн орчинд боломж нэмэгдэж байхад жирийн иргэн сард хоёр хувааж авдаг цалингийнхаа хооронд амьдралаа арайхийн залгуулж байвал хөгжлийн тухай ярих нь зүгээр үү?
Иргэдэд мөрөөдөл заах хэрэггүй О.Цогтгэрэл даргаа… Мөрөөдөх боломжийг нь бий болго. Цалин нь амьдралдаа хүрдэг, хөдөлмөр нь үнэлэгддэг, байр нь өр биш хөрөнгө болдог, боловсрол нь ирээдүйн баталгаа болдог, бизнес эрхлэхэд танил тал бус хөдөлмөр нь үнэлэгддэг нийгмийг бий болго. Учир нь монголчууд мөрөөдлөө мартсан юм биш. Мөрөөдлөө бодохоосоо өмнө амьдралаа авч үлдэх шаардлагатай болгосон тогтолцоонд хэтэрхий удаан амьдарч байна. Тиймээс “мөрөөдөлтэй Монгол” гэдэг гоё уриа биш, харин иргэн бүрийн бодит амьдрал дээр хэмжигдэх ёстой зорилго тавь, тэгээд хэрэгжүүл, цаг алга…
Өнөөдрийн улс төрчдөөс бид гоё үг биш, яагаад монгол хүн зөвхөн байр, машин, хоолны тухай биш илүү том зүйл мөрөөдөж чадахгүй болсны хариуг нэхэх цаг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ