Энэхүү айлчлал нь Хятад улс цөмийн зэвсэгтэй хөрш орон болох Умард Солонгостой ойртож, харилцаагаа бэхжүүлэх чиглэлээр авч буй цуврал алхмуудын хамгийн сүүлийнх нь болж байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн жилүүдэд Оростой харилцаагаа эрчимжүүлж, ялангуяа Украинд явуулж буй дайныг дэмжих зорилгоор цэрэг болон уламжлалт зэвсэг нийлүүлсэн.
Мөн Ким өнгөрсөн нэг жилийн хугацаанд Умард Солонгосын хамгийн том худалдааны түнш, тусламжийн гол эх үүсвэр болох Хятад улстай дахин ойртох бодлого баримталж байна.
Энэ айлчлал нь Ши Жиньпин Бээжин хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг дараалан хүлээн авснаас хэдхэн долоо хоногийн дараа болж байна.
Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр нь АНУ-ын хувьд олон жилийн турш томоохон түгшүүрийн асуудал байсаар ирсэн. НҮБ Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжүүлэлтийн улмаас эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоосон байдаг.
Айлчлалын тухай мэдэгдэл нь Умард Солонгос цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг боловсруулах шинэ байгууламжийг танилцуулснаас нэг хоногийн дараа гарлаа. Өмнөд Солонгосын арми уг шинэ байгууламжийг уран баяжуулах үйлдвэр гэж үнэлжээ.
Тус үйлдвэрт зочлох үеэр Ким Жон Ун улсынхаа цөмийн хүчнийг “экспоненциал хурдаар” бэхжүүлэх төлөвлөгөөгөө зарласан байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү үйлдвэрийн талаар олон нийтэд мэдээлсэн нь Ши Жиньпиний айлчлалаас өмнө Умад Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс гэсэн статустай нь улам баталгаажуулах сонирхолтой байсныг илтгэж байгаа аж.
Мэргэжилтнүүдийн хэлснээр Ким олон улсын хэмжээнд цөмийн зэвсэгтэй улсын статусаа хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж буй. Ингэснээр хориг арга хэмжээг цуцлахыг шаардах боломжтой болно. Тэдний үзэж байгаагаар Ким эцэстээ цөмийн хүчин чадлынхаа тодорхой хэсгийг бууруулахын оронд АНУ-аас буулт авах зорилгоор зэвсэг хорогдуулах хэлэлцээ хийхийг эрмэлзэх гэнэ.
Ким Жон Ун 2019 онд Трамптай хийсэн өндөр ач холбогдолтой дипломат ажиллагаагаа бүтэлгүйтсэний дараагаас цөмийн зэвсгийн нөөцөө өргөжүүлэхэд анхаарч ирсэн.
Трамп Кимтэй дипломат харилцааг сэргээх хүсэлтэй байгаагаа олон удаа илэрхийлсэн боловч Умард Солонгосын удирдагч хэлэлцээ эхлэхийн өмнөх нөхцөл болгон АНУ цөмийн зэвсгээс татгалзах шаардлагаа эхлээд болиулах ёстой гэж мэдэгдсэн юм.
Ши Жиньпин болон Ким Жон Ун өнгөрсөн есдүгээр сард Бээжин хотод уулзаж, харилцан дэмжлэг үзүүлэх болон хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ амласан байна. Ким Хятадын нийслэлд болсон цэргийн парадад оролцохоор очсон бөгөөд түүнтэй хамт Путин зэрэг бусад гадаадын удирдагчид хүрэлцэн иржээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг тавих эрхтэй байнгын гишүүд болох Орос, Хятад улсууд өмнө нь Умард Солонгост тавих олон улсын хоригийг чангатгах гэсэн АНУ болон бусад орнуудын оролдлогыг удаа дараа сааруулж байсан. Энэ нь Умард Солонгос хориглосон зэвсгийн туршилтуудыг хийж байсан ч үргэлжилсэн юм.
Өнгөрсөн сард Бээжинд болсон уулзалтын үеэр Путин болон Ши Жиньпин Умард Солонгосын эсрэг “гадаад бодлогын тусгаарлалт, эдийн засгийн хориг, цэргийн дарамт болон аюулгүй байдалд заналхийлэл үүсгэх бусад аргууд”-ыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.
“Шинэ хүйтэн дайн” болон олон туйлт дэлхийн үзэл санааг дэмждэг Ким Жон Ун АНУ-тай сөргөлдөөнтэй байгаа орнуудтай харилцаагаа өргөжүүлэх замаар илүү идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэхийг зорьж ирсэн.
Засгийн эрхэнд гарсан эхний жилүүддээ олон улсаар өргөн хүрээнд айлчилдаг байсан Ши Жиньпин Ковид-19 цар тахлаас хойш гадаад айлчлалаа эрс цөөрүүлсэн юм. Түүний хамгийн сүүлийн гадаад айлчлал өнгөрсөн намар Өмнөд Солонгост болсон Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох явдал байсан. Тэнд тэр Трамптай уулзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ