Ж.Энхбаярыг шүүмжилсний төлөө Г.Хонгорыг ''зайлуулав'' уу?
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Г.Хонгорыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг Ж.Энхбаяр гаргасан. Албан ёсны тайлбар нь хууль, журам зөрчсөн гэх үндэслэлтэй. Гэхдээ тэрээр чөлөөлөгдөхөөсөө өмнө УИХ-ын гишүүн, сайд Ж.Энхбаярыг шүүмжилж, Хөгжлийн банкнаас зээл авсан нь ашиг сонирхолын зөрчил мөн хэмээн хөндөн ярьсан нь улстөрийн зөрчлийн нэг хэсэг байв уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Үнэн хэрэгтээ өнөөдрийн асуудал Г.Хонгорын зөв байсан уу, эсвэл Ж.Энхбаяр зөв байсан уу гэдэгтээ ч биш юм.
Манай улс төрд нэг сонин үзэгдэл бүр амь бөхтэй тогтчихжээ. Улс төрчид бие биеийнхээ талаар маш их мэдээлэлтэй байдаг. Хэн ямар сангаас зээл авсан, ямар тендерт холбогдсон, ямар компанитай ашиг сонирхлын холбоотой вэ гэдгийг тэд жирийн иргэдээс хавьгүй сайн мэднэ. Гэвч энэ мэдээлэл олон нийтэд ил болдоггүй. Харин эрх ашиг нь зөрчилдөх үед, албан тушаалын төлөөх тэмцэл эхлэх үед л гэнэт дэлгэгддэг. Өөрөөр хэлбэл, хууль шударга ёсны зарчим үйлчилж байгаа учраас бус, бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдсөн үед л үнэний хэлтэрхий цухуйдаг тогтолцоо бий болжээ.
Ж.Энхбаярын тухайд өмнө нь ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас хамаарал бүхий компани нь зээл авсан асуудалд буруутгагдаж байсан нэгэн. Тухайн компани нь төсөл боловсруулж, шаардлага хангасан учраас зээл авсан гэх бэлэн тайлбартай. Хууль зүйн хувьд энэ нь үнэн байж болно. Гэвч улс төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдийн хамаарал бүхий компани төрийн санхүүжилтэд давуу байдлаар хүрч байгаа эсэх асуудал бол зөвхөн хууль бус, хууль ёсны гэсэн хоёрхон хэмжүүрээр шийдэгдэхгүй.
Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь зөвхөн шүүхээр тогтоогдсон гэмт хэрэг биш. Төрийн эрх мэдэл, нөлөөлөл, мэдээллийн давуу байдлыг хувийн ашиг сонирхолтой огтлолцуулах эрсдэл өөрөө ардчилсан засаглалын хувьд ноцтой асуудал юм. Хамгийн харамсалтай нь ийм асуудал Монголын улс төрд шинэ зүйл биш болжээ.
Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, нүүрсний хэрэг гээд сүүлийн арван жилд төрийн мөнгөтэй холбоотой дуулиан тасарсангүй. Гэвч шуугиан дэгдсэн хэмжээтэйгээ дүйцэх хариуцлага хүлээсэн улс төрч бараг байхгүй. Хэрэг бүр дээр хэдэн сар ярьж, хэсэг хугацаанд бухимдаж, дараа нь мартдаг. Харин маргааны гол дүрүүдийн зарим нь дахин сонгогдож, зарим нь сайд болж, зарим нь бүр эрх мэдлээ улам тэлдэг. Энэ бол Монголын улс төрийн хамгийн том эмгэнэл.
Жирийн иргэн банкнаас жижиг зээл авахын тулд олон шатны шалгуур давж, барьцаа хөрөнгө бүрдүүлж, хүүгийн дарамтад ордог. Харин төртэй ойр хүмүүсийн хувьд олон нийтийн өмч болсон сангууд боломжийн эх үүсвэр мэт ашиглагддаг байсан нь үнэн.
Эндээс хамгийн том хохирогч нь татвар төлөгчид. Учир нь төрийн сан бол улс төрчдийн хувийн хөрөнгө биш. Энэ бол иргэдийн боломж, бизнес эрхлэгчдийн боломж, ирээдүй үеийн боломж юм. Нэг хүнд олгосон давуу эрхийн цаана олон мянган хүний алдагдсан боломж байдаг. Г.Хонгор үнэхээр Ж.Энхбаярын талаар их мэдээлэлтэй байсан уу, эсвэл түүний шүүмжлэл албан тушаалаас чөлөөлөгдөхөд нөлөөлсөн үү гэдгийг өнөөдөр баттай хэлэх боломжгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Монголын улс төрд нэгнийхээ нууцыг мэддэг хүмүүс олон, харин тэдгээр нууцыг хууль, шударга ёсны өмнө дэлгэж чаддаг тогтолцоо маш сул байна. Тиймээс асуудал Г.Хонгор, Ж.Энхбаяр хоёрын хэнийх нь зөв бэ гэдэгт бус. Асуудал нь төрийн мөнгөтэй холбоотой маргаан бүр улс төрийн зодоон болж хувирдаг атлаа бодит хариуцлага бараг тооцогддоггүй тогтолцоонд оршино.
Монголын иргэд авлига, албан тушаалын давуу байдал, ашиг сонирхлын зөрчлийн талаар хангалттай их сонссон. Харин одоо сонсохыг хүсэж байгаа зүйл нь шинэ дуулиан биш, шинэ ял шийтгэл. Шинэ мэдэгдэл биш, шинэ хариуцлага. Учир нь төрөөс хулгай хийсэн гэх хардлага дагуулсан хүмүүс албан тушаал ахиж, бүлэглэлүүд хоорондоо талцан тэмцэлдэхийг харах бүрт иргэдийн төрдөө итгэх итгэл хамтдаа нурж буй.
Хэрэв төрийн сангуудыг тойрсон дуулиан бүрийн төгсгөл нь улс төрийн наймаа, мартагдсан шуугиан, эсвэл албан тушаалын шинэ томилгоо болсоор байвал Монгол Улсад хууль бус зүйл биш, харин хариуцлагагүй байдал л хамгийн том дархан эрх болж үлдэх нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ