Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Ерөнхий сайд Н.Учрал уг хуулийн төслийг танилцууллаа.
"Монгол Улсын иргэдийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа нь маш сайн үзүүлэлт. Амьдралын чанар сайжирсан гэсэн үг хэмээн онцоллоо. Мөн тэрээр тэтгэвэр авах хугацаа нэмэгдэж байгаа тул тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа гээд өмнө нь гурван залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байсан бол одоо хоёр залуу хүн нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Харин 2050 он гэхэд 1:1 болж, тэтгэвэр амьдралд хүрэлцэх нь улам багасна. Иймээс тэтгэврийг тогтолцооны хувьд шударга болгох шаардлагатай.
Илүү олон жил шимтгэл төлсний үр шим хаана байгааг иргэд үргэлж асуусаар байдаг. Бага цалинтай бол хэдэн ч жил төлсөн баталгаа муу, бага тэтгэвэр авдаг. 25 жил ажилласан байлаа ч 20, 30 жил ажилласантай ижил хэмжээний тэтгэвэр авдаг нь шударга биш юм. Тэтгэвэр ялгаагүй байхаар хүнд илүү олон жил хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэх сэдэл төрдөггүй. Иймд бидний шинэчлэл нийгмийн даатгалын хамрагдалтын хүрээг тэлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой.
Одоогоор 10 хүний зургаа нь бага тэтгэвэр авдаг. Нийт тэтгэвэр авагчийн 57 хувь нь 769 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авдаг. Жил бүр инфляцтай уялдуулан нэмж байна. Цаашид тэтгэвэр тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.
Манай улсад 504 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаа. Эдгээр иргэнээ 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Баталгаат тэтгэвэр нь хэдэн жил шимтгэл төлснөөс хамаарч ялгаатайгаар тогтдог. Жишээлбэл 10 жил ажиллаад 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол баталгаат тэтгэврийн хэмжээ нь 150,000 төгрөг. Гэх зэргээр үечлэлтэйгээр зөрүүг арилгах бодлогыг санал болгож байна.
Өөр нэг шинэчлэл нь тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс бодно. 2013 оноос өмнө тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар нь 1.4 сая төгрөг байв. 2018 оноос хойш 2.4 сая төгрөгөөс боддог болсон. Энэ дундын завсраас тэтгэврийн зөрүү үүссэн тул 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулж байсан бүх иргэнийг 2.4 сая төгрөгөөс тэтгэврийг нь дахин бодно.
Түүнчлэн 25 жилээс дээш жил ажилласан жил тутам 1.5 хувийн нэмэгдэл өгдөг байсныг 2 хувь болгоно.
35 жил ажилласан бол цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувиар тооцдог болгож, хөдөлмөр эрхлэх хугацааг дэмжинэ. Мөн эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4 хувиар нэмэгдүүлнэ. Жишээлбэл 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэх юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ