Х.Нямбаатар сонсголд оролцох эсэх нь тодорхойгүй
Улсын Их Хурлаас нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн хэрэгжилт болон хууль тогтоомжийн нийцлийг нягтлан хэлэлцэх ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд эхлүүлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сонсголд төрийн байгууллагын төлөөлөл, шинжээчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгч зэрэг 100 гаруй оролцогч оролцохоор бүртгэгджээ.
Сонсголын үеэр нийслэлийн 2024-2026 оны төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн үр ашиг, худалдан авах ажиллагааны ил тод байдал зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ удаагийн сонсголын анхаарлын төвд нийслэлийн өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлууд багтаж байгаа бөгөөд тухайн хугацаанд хотын удирдлагад ажиллаж байсан албан тушаалтнуудыг оролцуулах шаардлага үүсээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар сонсголд оролцох эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Албан ёсны мэдээлэл сонсгол эхлэхийн өмнөхөн ч тодорхой болоогүй хэвээр байна.
Харин нийслэлийн удирдлагын багт ажиллаж байсан Т.Даваадалай сонсголд оролцох боломжгүй болсон байна. Түүнийг авлига, мөнгө угаахтай холбоотой хэрэгт шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Хууль хяналтын байгууллагын мэдээлснээр, томоохон зам, дэд бүтцийн төслүүдтэй холбоотой зарим аж ахуйн нэгжээс хамаарал бүхий этгээдүүдийн компаниудад их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж байгаа аж. Мөн ажил, үйлчилгээ бодитоор гүйцэтгэсэн эсэх, санхүүгийн урсгалын хууль ёсны байдлыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Иймээс өнөөдөр эхэлж буй сонсгол нь зөвхөн төсвийн үр ашиг төдийгүй төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг үнэлэх чухал индэр болно гэж ажиглагчид үзэж байна. Сонсголын үеэр гарч болох шинэ мэдээлэл, тайлбарууд нийслэлийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн ойлголтод бодит нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ