ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙН ТАЛБАЙД "БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ" ТӨҮГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЛАА
Нийслэл хотын хүн ам, байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой бүтээн байгуулалт болох "Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж" өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор ашиглалтад орлоо. Тус байгууламжийн шавийг анх 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тавьж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талын 17.6 га талбайд ийнхүү барьж дуусгалаа.
Төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар болон бусад албаныхан оролцлоо.
Төслийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэсэн юм. Нийт санхүүжилт нь 262.7 сая ам.доллар бөгөөд үүний: 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр, 13.1 сая ам.долларыг Монгол Улсын талаас гаргаж санхүүжүүлжээ.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп” болон “Бээжин констракшн инженеринг групп”-ийн консорциум ажиллаж, зураг төслийг Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” боловсруулж, "Сивил инженеринг консалтинг" ХХК, "Криетив монголиа" ХХК зохиогчийн хяналтыг хийж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд талбай дээр өдөр тутмын техникийн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж, ийнхүү ашиглалтад орууллаа.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 м³ бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. Үүнээс: Ахуйн бохир ус: 150,000 м³/хоног Үйлдвэрийн бохир ус: 100,000 м³/хоног байхаар тооцсон байна. Байгууламжийн хүрээнд технологийн 36, дагалдах 20, нийт 56 барилга байгууламж баригдсанаас хамгийн том усан сан нь 9 метрийн өндөр, 200 метрийн урт, 105 метрийн өргөнтэй бөгөөд манай улсад анхдагч төмөр бетон эзлэхүүн бүхий байгууламж юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ