ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ БА БУЦААН ОЛГОЛТ
Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалагаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, буцаан олголтын талаар хэрэгтэй мэдээлэл авах гэж байна. Юуны өмнө татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэж юу болохыг тайлбарлаж өгнө үү.
Ерөнхийдөө татварыг эдийн засгийг зохицуулагч гэж үздэг. Энэ зохицуулалтын хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэсэн ойлголтууд бий болдог. Өнөөдөр татварын хууль тогтоомжид маш олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт бий.
Одоогийн байдлаар Татварын багц хууль болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийт 212 төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт тусгагдсан байдаг.
Тийм олон хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг юм уу?
Тийм. Харин бид тэр олон боломжийн хэдийг нь бодитоор ашиглаж байна вэ? гэдэг асуултыг аж ахуйн нэгжүүд, иргэд өөрсдөөсөө асуух хэрэгтэй. 2026 онд татварын алба “Хэрэгцээнд суурилсан зөвлөгч алба” гэсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Бид төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас татвар төлөгчид маань татварын албанаас зөвлөгөө, мэдээллээ идэвхтэй авч байхыг хүсэж байна.
Тэгвэл иргэд, аж ахуйн нэгжүүд зөвлөгөө, мэдээллийг ямар сувгаар авах боломжтой вэ?
Зөвлөгөө, мэдээлэл авах боломж бүрэн нээлттэй байгаа харьяа татварын албад дээр бүгдэд нь нэг цэгийн үйлчилгээ байгаа, нэг цэгийн үйлчилгээгээр татвар төлөгчийн харьяалал үл харгалзан үйлчилгээ авах боломжтой. Мөн Монголын татварын албаны цахим сувгууд, 1800-1288 дугаарын лавлах утас зэрэг олон суваг бий.
Маш олон боломжууд байдаг юм байна шүү дээ? Тэгвэл хөнгөлөлт, чөлөөлөлт хоёрын ялгаа юу вэ?.
Хөнгөлөлт гэдэг нь татвар төлөгчийг болон ногдуулсан татварын хэмжээг бууруулахыг хэлнэ. Жишээлбэл 10% биш 1% хувь гэх мэтээр. Одоо хялбаршуулсан горимоор тайлагнаж, төлж байгаа татвар төлөгчид 1%-ийн татвар төлж байгаа энэ нь хөнгөлөлтийн нэг хэлбэр юм.
Харин чөлөөлөлт гэдэг нь тухайн татвар төлөгч эсвэл тодорхой төрлийн үйл ажиллагааг татвараас бүрэн чөлөөлөхийг хэлдэг. Жишээлбэл, аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогын хүрээнд 2024 оноос эхлэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдийг НӨАТ болон ААНОАТ-аас бүрэн чөлөөлсөн.
Энэ нь тухайн салбарын аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг болж байна гэсэн үг үү?
Ерөнхийдөө тийм. Энэ нь татварын бодлогоор тодорхой салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилготой арга хэмжээ юм. Гэхдээ бидний хийсэн судалгаагаар 212 төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөөс 62 нь хөнгөлөлт, 150 нь чөлөөлөлт байдаг ч татвар төлөгчдийн хамрагдалт ердөө 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн 55 орчим хувь татварын эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас өөрт ногдох эрхээ мэдэхгүй, ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Татвар төлөгчид үүргээ сайн биелүүлдэг ч эрхээ бүрэн эдэлж чаддаггүй байдал ажиглагдаж байна.
Татварын алба энэ чиглэлээр зөвлөгөө өгснөөр хамрагдалт нэмэгдэж байгаа юу?
Тийм ээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд мэдээлэлтэй болохын хэрээр хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нь нэмэгдэж байна.
Хөнгөлөлт, чөлөөлөлтийг татварын буцаан олголтоор дамжуулан эдлүүлэх тохиолдол бий. Буцаан олголт гэдэг нь төсвөөс мөнгөн хэлбэрээр олгож буй дэмжлэг юм.
Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн хамгийн өргөн ашиглаж буй хөнгөлөлтийн нэг нь ААНОАТ-ын 90 хувийн буцаан олголт юм. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ын тайлангаар ногдуулсан татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой. Зөвхөн хуулийн энэ заалтаар 2026 онд 2025 оны жилийн эцсийн тайланд үндэслэн 5,200 гаруй аж ахуйн нэгжид нийт 110 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна.
Тийм өндөр үү?
Тийм ээ, нийт дүнгээр авч үзвэл ААНОАТ-ын хуулиар 5888 хуулийн этгээд 264.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, 5393 хуулийн этгээд 7,778.3 тэрбум төгрөгийн чөлөөлөлт эдэлсэн байгаа.
Иргэдийн хувьд хамгийн түгээмэл буцаан олголт юу байдаг вэ?
Орон сууц худалдан авсны татварын хөнгөлөлт болон их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт хамгийн түгээмэл байдаг. Сургалтын төлбөрийн хувьд анх удаа бакалаврын зэрэг эзэмшиж байгаа оюутны төлбөр хамаарна. 2025 оны тайланд үндэслэн 56 мянган иргэнд нийт 101.2 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна. Мөн НӨАТ-ын буцаан олголт иргэдэд хамгийн их хүрдэг татварын хөнгөлөлт, урамшууллын хэлбэр юм. Иргэд и-баримтаа бүртгүүлснээр төлсөн НӨАТ-ынхаа 2 хувийг улирал тутам буцаан авдаг. НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд нийт 1,924,832 иргэн, 18 хуулийн этгээдэд 635 тэрбум төгрөгийн буцаан олголт олгогдсон байгаа. Зөвхөн 2025 онд гэхэд 1.9 сая иргэн, 5,249 хуулийн этгээдэд нийт 747.9 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт олгосон
НӨАТ-ын буцаан олголтын төрлүүдийн талаар мэдээлэл өгөөч.
2025 оны байдлаар:
- Худалдан авалтын урамшуулал буюу и-баримтаар бүртгүүлсэн худалдан авалтын НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор 1,363,838 иргэнд 374.9 тэрбум төгрөг олгосон.
- Сугалааны хонжворын буцаан олголтоор 537,318 иргэн азтан болж, нийт 37.8 тэрбум төгрөгийн урамшуулал авсан.
- Гадаадын жуулчдад олгосон НӨАТ-ын буцаан олголтоор 23,676 жуулчинд 3.4 тэрбум төгрөг олгосон.
- Суутган төлөгчийн буцаан олголтоор 18 хуулийн этгээдэд 218.9 тэрбум төгрөг олгосон.
Суутган төлөгчийн буцаан олголт гэдэг нь Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахтай холбоотой худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох хэлбэр юм. Ингээд харахад буцаан олголт гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжид бодитоор хүрдэг санхүүгийн дэмжлэг юм. 2025 онд л гэхэд нийт 635 тэрбум төгрөгийн буцаан олголт олгогдсон байна.
2026 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт хэзээ олгогдох вэ?
2026 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард багтаан олгоно. Энэ дашрамд татвар төлөгчдөдөө зөвлөхөд, цахим татварын систем, и-баримтын систем болон банкны бүртгэл дэх овог нэр, регистрийн дугаар, холбоо барих мэдээлэл, дансны мэдээллээ үнэн зөв, зөрүүгүй байлгах нь маш чухал.
Учир нь мэдээллийн зөрүүгээс шалтгаалан буцаан олголтын гүйлгээ буцах тохиолдол цөөнгүй гардаг.
Буцаан олголтоо авахыг хүсэхгүй хүн бараг байхгүй байх аа?
Тийм ээ. Гэхдээ ихэнхдээ иргэний мэдээлэл алдаатай, зөрүүтэй байснаас шалтгаалан гүйлгээ буцдаг.
Дараагийн удаад өндөр дүнтэй баримтыг хэрхэн баталгаажуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ