"МАЗААЛАЙ" ХҮҮХДИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Мазаалай” хүүхдийн спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Монголын Хүүхдийн ордны дэргэд байгуулах тус цогцолбор нь орчин үеийн шийдэл бүхий зургаан давхар барилга байх бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний спортын сургалт, хөгжлийн цогц төв болон үйл ажиллагаа явуулах юм.
Цогцолборын бэлгэ тэмдэг нь Үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгай байхаар шийдвэрлэж, “Мазаалай” хэмээн нэрлэжээ.
Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлийн дугуйлан тогтмол ажиллаж, жил бүр 7000 гаруй хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх юм. Мөн 40 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Нийт 23.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг бүтээн байгуулалтыг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2027 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ