Ирэх сарын 1-нээс түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээний бэлтгэл ажил хангагдаагүй бол үйл ажиллагааг түр зогсооно
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор ТЦА-наас скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох санал гаргаад буй. Тэгвэл энэ талаар НИТХ-ын дарга Д.Ихбаяр "Долдугаар сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийг мөрдөж, биелүүлэх үүднээс нийслэл болон хувийн хэвшилд бэлтгэл ажлаа хамтран хангахад 14 хоногийн хугацаа үлдсэн байна.
Тухайлбал, мопед бүрийг дугаартай болгох, унаж байгаа хүнийг сургалтад хамруулах, даатгалжуулах, явган хүний замаар мопед скүүтерийг зорчуулахгүйн тулд автозамын баруун хөвөөг чөлөөлж тэмдэглэгээг сэргээх зэрэг төр болон хувийн хэвшилд хийх ажил аль алинд нь их байна.
Тиймээс энэ бэлтгэл ажил 7 дугаар сарын 1-н гэхэд хангагдаж амжихгүй бол тэр өдрөөс эхлэн түрээсийн мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.
Бэлтгэл ажил хангахад богино хугацаа байсан гэдэг шалтгаар хууль зөрчиж болохгүй. Хүчин төгөлдөр хуулийн бүх зүйл, заалт бүрийг мөрдөх л учиртай.
Энэ нь хувийн хэвшлийг хааж, боох ямарч зорилго байхгүй бөгөөд зөвхөн УИХ-аар батлагдсан хуулийг мөрдүүлэхийн тулд л ийм шийдвэр гаргахаас өөр гарц байхгүй.
Жич: Хуульд заасны дагуу бүх шаардлагыг биелүүлсэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа 7 дугаар сарын 1-нээс хэвийн үргэлжлүүлж болох юм" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ