“Солонго 1, 2”-ын бүртгэл наймдугаар сард эхэлнэ
Орлогод нийцсэн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд ирэх наймдугаар сараас “Солонго 1, 2” хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууцны сонгон шалгаруулалтад цахимаар бүртгүүлэх боломжтой болох гэж байна.
Төрийн орон сууцны бодлогын хүрээнд хэрэгжиж буй уг төслийн бүртгэл хараахан эхлээгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд цахим системийн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Иргэдийг бүртгэхдээ Засгийн газраас баталсан төрийн өмчийн орон сууцыг хөлслүүлэх, өмчлүүлэх журамд заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлах бөгөөд сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй “Солонго 1, 2” төслийн эхний шатны 27 блок, 2042 айлын орон сууцны барилга угсралтын ажил үндсэндээ дууссан байна.
Барилгуудыг ашиглалтад хүлээн авахтай холбоотойгоор энэ сарын 16-нд холбогдох комисс ажиллаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд уг ажлуудыг гүйцэтгэсний дараа ашиглалтад хүлээн авах шийдвэр гаргажээ.
“Солонго 1, 2” хороолол бүрэн хэрэгжсэнээр нийт 66 блок бүхий 5002 айлын орон сууц ашиглалтад орох юм. Үлдсэн 2960 айлын орон сууцны барилгыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү төслийг 2024 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ашиглалтад орсноор орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ