ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ РУУ УТСААР ЗАЛГАСАН ХҮМҮҮС ХЭН БЭ?

img

 

14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 260 давхардсан орон тоог цомхотгон, жил бүр 67.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд Н.Учрал "утасны дуудлага тасрахаа больсон" хэмээн мэдэгдэв.

Энэ бол Монголын төрийн өмчит компаниудын асуудлыг нэг өгүүлбэрээр тайлбарласан улс төрийн мессеж байж болох юм.

Учир нь төрийн өмчит компани гэдэг зөвхөн бизнесийн байгууллага биш. ТУЗ-ийн суудал, гүйцэтгэх удирдлагын томилгоо, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, түрээс, хангамжийн гэрээ зэрэг асар олон ашиг сонирхол тэнд бий. Засгийн газрын мэдээллээр 14 компанийг татан буулгаснаар 260 орон тоо цөөрч, 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцжээ. Хэрэв энэ тооцоо бодитой бол татан буугдсан компаниудын ард зөвхөн байгууллага биш, төсөв, албан тушаал, нөлөөллийн сүлжээ хамт хөдөлж байна гэсэн үг.

Монгол Улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь олон арван их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг удирдаж байна. Тиймээс ТӨК-ийн шинэчлэл нь эдийн засгийн төдийгүй улс төрийн хамгийн том шинэчлэлийн нэг юм. Төсөв хэмнэгдэж байгаа талд татвар төлөгчид ашиг хүртэнэ. Харин бүтэц цөөрч, эрх мэдэл төвлөрч, албан тушаал багасаж байгаа талд нөлөөгөө алдаж буй хүмүүс бий.

Харин хамгийн сонирхолтой нь тэр дуудлагууд хаанаас ирж байгаа вэ гэдэг асуулт. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж байгаад баяр хүргэсэн хүмүүсээс үү, эсвэл өмнө нь тогтолцооны давуу талыг эдэлж байсан хүмүүсээс үү. Хэрэв 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах шийдвэр ийм олон хүнийг түгшээж байгаа бол төрийн өмчит компаниуд зөвхөн эдийн засгийн байгууллага байгаагүй бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ