НИТХ 6.5 их наядын зарлагатай төсвийн тодотгол батлав

img

 

Нийслэлийн 2026 оны төсөв он гарснаас хойш хоёр дахь удаагаа тодотголд орлоо. Энэ нь төсөв төлөвлөлтийн чанар, хөрөнгө оруулалтын эрэмбэ, хотын санхүүгийн удирдлагын талаар шинэ асуултуудыг дагуулж байна. Тэр дундаа хотын өмнөх удирдлагын үед батлагдсан төсвийг шинэ Засаг дарга ажлаа авснаас хойш нэг сарын дотор дахин өөрчилсөн нь нийслэлийн бодлого, санхүүгийн тэргүүлэх чиглэлд өөрчлөлт орж байгааг харууллаа.

2026 оны нийслэлийн төсөв өмнө нь гуравдугаар сард нэгтодотгогдсон. Тухайн үед Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-тай холбоотойгоор 70.1 тэрбум төгрөгийн нэмэлт зардал батлагдсан юм.

Харин энэ удаагийн тодотголоор өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдол, нийтийн тээвэр, хот тохижилт, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй нэмэлт санхүүжилтүүдийг тусгажээ. Үүнээс гадна зарим бүтээн байгуулалтын төслийг яаралтай эхлүүлэхээр хөрөнгө шилжүүлсэн байна.

Хотын шинэ удирдлага наймдугаар сард дахин төсвийн таналт бүхий тодотгол оруулж ирж болзошгүйгээ мэдэгдсэн нь 2026 оны төсөв цаашид ч тогтворжоогүй байгааг илтгэж байна.

Тодотголоор нийт 443.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг бууруулжээ. Харин үүний оронд Хөрөнгийн төсөл, арга хэмжээнд 25.3 тэрбум төгрөг, Урсгал зардалд 404 тэрбум төгрөг, Орон нутгийн сангийн зардалд 52.3 тэрбум төгрөгийг тус тус нэмэгдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нийслэл урт хугацааны хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр ойрын хугацаанд зайлшгүй шаардагдах урсгал болон хэрэглээний шинжтэй зардал руу мөнгө шилжүүлжээ.

Төсвийн тодотголд багтсан томоохон зардлуудаас дурдвал

Агро сити дагуул хотын төслийн хүрээнд 4 тэрбум төгрөг,

"Туул-I" коллекторын шугам сүлжээ шилжүүлэх ажилд 6 тэрбум төгрөг,

Өвөлжилтийн бэлтгэл, түлшний нөөц бүрдүүлэх арга хэмжээнд 400 гаруй тэрбум төгрөгийг тусгасан байна.

Энэ хүрээнд 280 мянган тонн хагас коксжсон түлш, 150 мянган тонн сайжруулсан түлшний түүхий эд худалдан авах асуудал яригдаж байгаа нь агаарын бохирдлын эсрэг бодлогын хамгийн өндөр өртөгтэй шийдвэрүүдийн нэг болж байна.

6.5 их наяд төгрөгийн төсөв юунд төвлөрч байна вэ?

Тодотголын дараа нийслэлийн төсөв дараах байдлаар батлагдлаа.

Нийт орлого – 2.5 их наяд төгрөг

Татварын орлого – 1.3 их наяд төгрөг

Татварын бус орлого – 1.1 их наяд төгрөг

Нийт зарлага – 6.5 их наяд төгрөг

Зарлагын бүтцийг харахад:

Урсгал зардал – 1.9 их наяд төгрөг

Хөрөнгийн зардал – 4.2 их наяд төгрөг

Хотын хөрөнгө оруулалтын төсөл – 1.5 их наяд төгрөг

Үнэт цаасаар санхүүжих хөрөнгө оруулалт – 1.5 их наяд төгрөг

Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан – 257.9 тэрбум төгрөг

Замын сангийн хөрөнгө оруулалт – 227.8 тэрбум төгрөг

Нийтийн тээврийн хөгжлийн сан – 64.5 тэрбум төгрөг

Мөн нийслэл улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг шилжүүлэхээс гадна өмнөх зээлүүдийн эргэн төлөлт, хүүд нийт 95.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болжээ.

Эдийн засаг талаасаа энэхүү тодотгол нь шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхээс илүүтэйгээр эрсдэл удирдах, өвлийн бэлтгэл хангах, санхүүгийн дарамтыг богино хугацаанд бууруулах зорилготой төсөв болжээ гэж дүгнэж болохоор байна.

Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын зардлыг танаж, урсгал шинжтэй зардлыг нэмэгдүүлсэн байна. Төсвийн томоохон хэсгийг түлш, нийтийн тээвэр, өвөлжилтийн бэлтгэл зэрэг шууд хэрэглээнд чиглүүлжээ. Он гарснаас хойш хоёр дахь удаагаа төсөвт өөрчлөлт оруулж байгаа нь анхны төлөвлөлт бодит нөхцөл байдалтайгаа нийцээгүй байсныг илтгэж болохоор байна. Иймээс энэ удаагийн тодотголыг хотын хөгжлийн шинэ хөтөлбөр гэхээсээ илүү өмнөх төлөвлөлтийн алдаа, шинэ үүссэн эрсдэлийг нөхөх оролдлого юм уу даа гэж харж болохоор байна.

Эерэг тал нь нийслэл өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлын асуудлыг урьдчилан санхүүжүүлж байгаа нь өвлийн улиралд үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой. Мөн нийтийн тээвэр, хот тохижилтын санхүүжилт нэмэгдсэнээр үйлчилгээний чанарт тодорхой ахиц гарах нөхцөл бүрдэнэ.

Гэвч нөгөө талд хөрөнгө оруулалтын төслүүдийг танаж байгаа нь урт хугацааны хөгжлийн үр өгөөжийг хойшлуулах эрсдэлтэй. Дахин дахин тодотгол хийдэг тогтолцоо нь төсвийн сахилга бат, төлөвлөлтийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн 6.5 их наяд төгрөгийн зарлагатай төсөв хэрэгжиж байгаа үед зарцуулалтын үр ашиг, тендерийн ил тод байдал, төсөл хөтөлбөрүүдийн бодит үр дүн хамгийн чухал шалгуур болох нь тодорхой.

Ирэх наймдугаар сард дахин таналтын тодотгол орж ирэх магадлалтай байгаа нь нийслэлийн санхүүгийн бодлого бүрэн тогтворжоогүйг харуулж байна. Ийм нөхцөлд хамгийн чухал асуудал бол 6.5 их наяд төгрөгийн зарцуулалт иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах эсэх дээр төвлөрөх шаардлагатай болж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ