БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ БНТУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД МУСТАФА ЧИФТЧИТЭЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яаманд зочилж, тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, энэ оны тавдугаар сард Монгол Улсад болсон Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит хуралдаанд амжилттай оролцож, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархал илэрхийлэв.
БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай үр дүнтэй уулзалт хийснээ дурдан, богино хугацаанд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Бид саяхан Улаанбаатар хотноо уулзсан. Ийнхүү ойрхон хугацаанд дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж, ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж буйн илрэл юм” хэмээн онцоллоо.
Талууд уулзалтаар Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хүрээнд аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, бүс нутгийн тогтвортой байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Мөн терроризм, кибер аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага зэрэг нийтлэг сорилтуудтай тэмцэхэд төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улс Турк Улсыг түүх, соёлын гүн хэлхээ холбоотой, “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон хэмээн үздэгийг онцолж, хоёр улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нь стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ