ҮАБЗ-д яг юу өрнөөд байна вэ?
"ҮАБЗ хуралдана", "Оюу толгойн асуудлыг хэлэлцэнэ", "ҮАБЗ хуралдаж завсарлалаа", "Рио Тинтогийн удирдлагууд ирнэ" гэх мэдээллүүд сүүлийн хэд хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд бараг цаг тутам шинэчлэгдэн түгэж байна. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан нь төрийн хамгийн хаалттай ажиллагааны нэг. Ихэнхдээ хурал болох нь тухайн өглөө л товчхон мэдээлэгдэж, хуралдаан өндөрлөсний дараа хэлэлцсэн асуудлын ерөнхий агуулгыг л нийтэд мэдээлдэг жишигтэй байв.
Харин энэ удаа Оюу толгойн асуудлаарх ҮАБЗ-ийн хуралдаан эхлэхээс өмнө ч, хуралдааны явцад ч, завсарласан тухай хүртэл мэдээлэл олон нийтэд тасралтгүй хүрч байгаа нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд ч элдэв таамаг, хардлага өрнөж буй. "Юуг ингэж урьдчилан сурталчилж, улс төрийн хүлээлт үүсгээд байна вэ", "ҮАБЗ ямар шийдвэр гаргалаа гээд Рио Тинто буулт хийх үү" гэсэн байр сууриа илэрхийлэх хүн цөөнгүй байна. Үнэхээр ч асуулт тавих шалтгаан бий. Учир нь ҮАБЗ-ийн хуралдаан өөрөө Рио Тинтотой хэлэлцээ хийдэг механизм биш.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 1.1-д энэ хуулийн зорилгыг "үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулах" гэж тодорхойлсон байдаг. Харин 3.1-д үндэсний аюулгүй байдлыг "Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдал" гэж, 3.2-т үндэсний язгуур ашиг сонирхолд эдийн засгийн тогтвортой хөгжил хүртэл хамаарна гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн хамгийн том төсөл болох Оюу толгой нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбогдож болно гэж үзвэл ҮАБЗ асуудлыг хэлэлцэх нь эрх зүйн хувьд боломжтой. Гэхдээ ҮАБЗ нь Засгийн газрын оронд очоод Рио Тинтотой хэлэлцээ хийдэг субъект ч биш. ҮАБЗ-ийн үндсэн үүрэг нь үндэсний аюулгүй байдлын өнцгөөс нөхцөл байдлыг үнэлж, төрийн байгууллагуудын бодлогыг уялдуулж, хууль эрх зүйн хувьд ҮАБЗ зөвлөмж гаргах бөгөөд ямар нэг чиглэл гаргавал түүнийг хэрэгжүүлэх эсэх нь дараагийн шатанд Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудын эрх хэмжээний асуудал болно.
Тэгвэл энэ удаагийн хуралдааны улс төрийн бодит ач холбогдол нь юу вэ?
Энэ удаагийн ҮАБЗ-ийн хурал Оюу толгойн асуудлыг шийдэх гэж биш, харин Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой хийх дараагийн хэлэлцээнд ямар байр суурь, ямар шаардлага, ямар "улаан шугам"-тай оролцох вэ гэдэг дээр төрийн нэгдсэн улс төрийн шийдэлтэй орох гэж байгаа болов уу?
Оюу толгойн төслийн талаар улс төрийн маргаан олон жил үргэлжилсэн ч өнөөдрийн хамгийн том асуудал нь төслийн санхүүгийн загвар болоод байна. Монгол Улс төслийн 34 хувийг эзэмшдэг ч уг хувьцааны санхүүжилтийг зээлээр бүрдүүлсэн. Үүний улмаас хөрөнгө оруулалт, хүү, санхүүгийн бусад зардал ногдол ашгаас түрүүлж төлөгдөх бүтэц үүссэн байдаг. Иймээс олборлолтын хэмжээ өсөж, экспорт нэмэгдэж байгаа ч Монголын талын ногдол ашиг бодитоор орж ирэх хугацаа удааширсаар ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ