Оюутолгойн хэлэлцээр хүнд нөхцөлд үргэлжилж байна
“Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой эцсийн шатны хэлэлцээ өнөөдөр Төрийн ордонд болж буй. Ингэснээр олон жил үргэлжилсэн “Оюу Толгой”-н хэлэлцээрүүд үндсэндээ дуусна.
Уулзалтад хөрөнгө оруулагч талын төлөөлөл болох Rio Tinto группийн Монголыг хариуцсан захирал Б.Дуламсүрэн, Зэсийн бизнесийн группийн удирдах албан тушаалтан Кейти Жэксон нар оролцсон юм. Б.Дуламсүрэнг энэ оны хэлэлцээний үеэр санхүүгийн чиг үүргээс ахиулан томилсон нь өмнөх сонсгол, хэлэлцээний үеийн оролцоотой нь холбоотой гэх мэдээлэл байна.
Монголын талын хэлэлцээний багийг төр, засгийн өндөр түвшний албан тушаалтнууд ахалж оролцсон бөгөөд УИХ-аас баталсан 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яриа хэлэлцээг үргэлжлүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар багтсан байна.
Хэлэлцээний явцад богино хугацааны завсарлага авсан бөгөөд энэ үеэр талууд байр сууриа үргэлжлүүлэн нэгтгэх шаардлагатай нөхцөл үүссэн талаар мэдээлэл гарчээ.
Монголын тал өмнө нь тавдугаар сарын дундуур хэлэлцээ хийх санал гаргасан ч тухайн үед талуудын уулзалт хойшилж, өнөөдөр эцсийн шатны хэлэлцээг хийхээр тохирсон нь энэ юм. Мөн сүүлийн өдрүүдэд ҮАБЗ-ийн түвшинд асуудлыг хэлэлцэж, өндөр түвшний анхаарал хандуулж буйг эх сурвалжууд онцолж байна.
Ийнхүү олон жилийн маргаан, хэлэлцээ дагуулсан Оюу Толгой-н гэрээний шинэчлэлтэй холбоотой яриа хэлэлцээ шийдвэрлэх шатандаа орж, талууд эцсийн шийдэлд хүрэх эсэх нь өнөөдөр тодорхой болох төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ