АНУ тэнгисийн бүслэлтээ сэргээсний хариуд Иран далайн тээврийн бас нэг чухал замыг хаахаа мэдэгдлээ
Иран улс Ормузын хоолойг дахин хаасны дараа АНУ тус улсын боомтуудыг чиглэсэн тэнгисийн ачаа тээврийн урсгалыг бүслэн хаах ажиллагаагаа сэргээсэн билээ.
Тэгвэл өчигдөр Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн бас нэг чухал замыг хаахаар сүрдүүлжээ.
Энэ нь Энэтхэгийн далайгаас Улаан тэнгист нэвтэрдэг гарц болох Баб эль-Мандебын хоолой юм.
Ираны Исламын хувьсгалт гвард Лхагва гарагт “АНУ-ын цэргийнхэн Ормузын хоолойг хяналтдаа авахын тулд Энэтхэгийн далайд тэнгисийн дээрэмчдээ илгээсний хариуд” Бахрейн, Кувейт, Йордан зэрэг улсууд дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгснөө мэдэгджээ.
Мөн АНУ болон түүний холбоотнуудад чухал ач холбогдолтой бусад бүх экспортын замуудыг хаахад бэлэн байгаагаа анхааруулсан байна.
“Бүс нутгийн эрчим хүчний экспорт нэг бол бүгдэд тэгш нээлттэй, үгүй бол бүгдэд хаалттай байх ёстой” гэж тэд мэдэгдэлдээ сүрдүүлжээ.
Талууд одоогоос бараг сарын өмнө түр гал зогсоох санамж бичигт гарын үсэг зурснаар Ормузын хоолой нээгдэж байсан юм.
Гэвч өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцдаж, талууд дахин хоорондоо дайтаж эхэлсэн. Ормузын хоолойгоор зорчиж буй олон улсын ачаа тээврийн хөлгүүдэд Ираны тал аюул учруулах болсон гэж АНУ өөрийн үйлдлээ зөвтгөж байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хойш АНУ-ын зэвсэгт хүчин бараг шөнө бүр Ираны нутагт дэвсгэр дэх цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгч байна.
Харин энэ удаа Ираны тал Йемен дэх Хусит холбоотнуудынхаа тусламжтай Баб эль-Мандебын хоолойг хааж болзошгүй болжээ.
Ингэвэл дэлхийн эрчим хүчний хамгийн чухал хоёр артерийн судас хаагдах эрсдэлтэй болох юм.
Баб эль-Мандебын хоолойгоор Саудын Арабын газрын тосны экспорт болон Ази-Европ тивүүдийн ачаа тээврийн урсгалын томоохон хэсэг дамждаг.
Хэрвээ уг хоолойг хаавал газрын тосны баррель тутмын үнэ дэлхийн зах зээлд $200 давахыг Ираны албаны эх сурвалж анхааруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ