Сөүл хотод анх удаа агаарын хэт халалтын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг зарлав
Шинээр нэвтрүүлсэн агаарын хэт халалтаас сэргийлэх төхөөрөмжийн зөвлөмжөөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнөөдөр анх удаа хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийг зарлажээ.
Өнөөдрийн 11:00 цагаас эхлэн тус хотын баруун өмнөд, зүүн өмнөд хэсэгт хэт халалтын сэрэмжлүүлэг зарласан бол үргэлжлүүлэн Ганнам, Сонпа, Гансо, Гванак зэрэг 11 дүүрэгт сэрэмжлүүлэг зарласан байна.
Үндэсний хэмжээнд агаарын хэт халалтаас сэргийлэх зөвлөмжийн шинэ системийг зургаадугаар сарын нэгнээс нэвтрүүлсэн юм.
Энэ системийн хамгийн дээд түвшний сэрэмжлүүлгийг өдрийн агаарын температур Цельсийн 38 хэмээс дээш гарахад, эсвэл хоёроос олон өдөр Цельсийн 35 хэм хүрэхэд зарладаг.
Даваа гарагт Сөүл хотод халалтаас үүдэлтэй өвчлөлийн 18 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр тавдугаар сарын 15-наас хойших нийт тохиолдлын тоо 185 хүрчээ. Эдгээрээс одоогоор хоёр хүн амиа алдаад байгаа.
Хотын захиргаа нийтдээ 4,000 орчим халуунаас хоргодох байрыг олон нийтийн байгууламжууд, өндөр настны асрамжийн газрууд, халамжийн төвүүдэд нээжээ.
Мөн гэрээс гарахгүй байх, хангалттай хэмжээгээр ус уух, эмзэг бүлгийн хүмүүсээ халамжлах зөвлөмжийг Сөүл хотын оршин суугчдын гар утсанд мессэж хэлбэрээр илгээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ