"Туул усан цогцолбор"-ын инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулж байна

img

 

Улаанбаатар хотын усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тэгвэл НТУГ-ын мэдээлснээр төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани гүйцэтгэж байгаа бөгөөд ТЭЗҮ боловсруулалтын нэгдүгээр үе шатны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчлан боловсруулах ажил үргэлжилж байгаа аж.

Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлно.

“Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай, далангийн урт нь 685.15 метр урт, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд төслийн нийт ус хурах талбай 5,569 км2 байна.

Усан цогцолбортой болсноор Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах томоохон усан толио, нуур үүсгэснээр усны ууршилт явагдаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх судалгаа гарчээ.

Төслийн хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 300 орчим сая ам.доллар байх тооцоолол гарч, эх үүсвэрийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ