Тэгш сондгой дугаараар шатахуун олгох болон 50,000 төгрөгийнзохицуулалт Бямба гарагт хүчингүй болно

img

 

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар:

-Улаанбаатар хотын 144 Шатахуун Түгээх Станц (ШТС)-д 1,200 тонн АИ-92 автобензин,

-Орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ-92 автобензинийг хүргэсэн байна.

Энэ нь ердийн үед Монгол Улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.

Мөн ОХУ-аас Монгол Улсыг чиглэн нийт 180 вагон буюу 11,000 тонн АИ-92 шатахуун замд явж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байна. Иймээс ч шуурхай штабын зүгээс шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж, ШТС-уудад үүсэж буй ачааллыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн арга хэмжээг наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зогсоохоор болсныг мэдээллээ. 

Тодруулбал нэг машинд 50,000 төгрөг хүртэлх шатахуун олгох, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалтууд энэ Бямба гарагт тасалбар болж байна.

Мөн өнөөдөр орой гэхэд Улаанбаатар хотод 1,200 тонн АИ-92 автобензин ирж байгаа бөгөөд ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ТС-1 буюу онгоцны түлшний хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-аас 3,000 тонн онгоцны түлш авах гэрээ хийгдэж, эхний 1,000 тонн түлшийг хүлээн авсан бол үлдсэн 2,000 тонн түлш ойрын хугацаанд ирэх юм. Мөн БНСУ-аас Евро-5 стандартын шатахуун худалдан авах гэрээ хийгдээд байна.

Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээ 60-70 мянган тонн гэж үзвэл энэ наймдугаар сард ОХУ-аас 50,000 тонн АИ-92, 15,000 тонн АИ-95, нэмэлтээр 25,000 тонн АИ-92 болон 5,000 тонн ТС-1 төрлийн шатахууныг татан авахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээ хийгдсэнээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ