ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Бидний багад байрны жинхэнэ эзэд бид байлаа
Тэр цагт хүүхдүүд бид байраа бүрэн эзэгнэнхэн төрдөг байв. Зам дээр “8 чулуу”, баавгайн чих, квадрат, шороон дээр “орон булаалдах”, зүлгэн дээр барилдах, уралдах, хөлбөмбөг, гарбөмбөг, “чоно, тарвага”, “тогтой, тоггүй”, “алт, мөнгөний эзэн”, “гагнасан гинжийг таслах”, нум сум, чавх, бөглөө, тэвэг, резин, чихрийн цаасдах, мөнгөдөх. Орой болно, орох бас л болоогүй. Аймшгийн түүхээ ярьцгаана, улаан гар, улаан туфль, улаан даашинз гээд л. Ер нь улаан гээд намуухан яриад эхлэхээр л айдас хүйдэс. Илтгэгчид нь ихэвчлэн эгч нар. Бидний нусаакууд чимээгүй сонсоно.
Юун тэр одооны 22, 6 цаг. Бүх цаг биднийх. Бид байрны эзэд. Шөнө 12 хүртэл завгүй. Хааяа байр хоорондын том дайн дэгдэж чулуу, шавраар байлдана. Хоорондоо ч талцаж байгаад шавраар байлдана. Нүдэн дотор шавар бут үсрэнэ. Цамцаараа ухаж авчихаад гүйгээд явдаг байж. Шороо нь ч байгалиараа эрүүл. Зарим охидын резиндэх чадвар өндөр түвшинд. Хормойгоо гэдсэндээ шууж барьж байгаад, оюун санаагаа төвлөрүүлж байгаад л тээр өндөрт үсэрч, хоолойгоор татсан, нарийхан резин дээрээ 2 хөлөөрөө онож бууна даа. Ангайтал авна. Бидэндээ цирк шүү дээ.
Байрны урд зам битүү язганасан хүүхдүүд. Бараг 100 шахам хүүхэд тоглодог байсан байх. Машин ирэхэд дуртай, дургүй холдоно, бага ч машинтай, тэд ч аяар явна. Машин байрны нэг захаас нөгөө зах хүрэх гэж нэлээд юм болно, хэсэг хүүхдүүд холдоно, дараагийнх нь холдоно. Машин биш хүүхдэд зориулсан гудамжаар явж байгаа гэдэгт тэр үеийнхэн ч итгэлтэй байж.

Томчуудын дургүйг хамгийн их хүргэсэн нь санкатк /самокат/. Одоо бодоход тэрний чимээг ээ. Төмөр шаариган дугуйтай юм чинь аргагүй. Бүгд нэг санкатктай. Цуваа болоод 10, 20-оороо явна. Ганц л идэвхтэй эсэргүүцэгч чанга эмээ байсан даа. Янхигар чанга биетэй, хурдан гүйнэ гэж. Баригдвал шууд зодуулна. Санкаткаа хураалгана, эвдлүүлнэ. Бид ч дахин хийнэ, хариугаа авч яг 1 давхарын цонхон доогуур нь цуваагаар явна. Арай ч хойд цонхоороо бууж ирэхгүй. Гэхдээ л буугаад ирэх вий гэж айна. Санкатнаасаа онхолдоно, өвдөг, тохой битүү шарх. Тэр нь дээрээсээ давхарлаад өвдөг, тохойны хамгаалалттай юм шиг л харагдана. Харин аав нэг удаа сугандаа хавчуулж байгаад уйлуулж байгаад зүгээр л савандаад угаачихсан. Цус, шүүсийг гоожуулаад бүх тавыг нь зад угаачихаар цэвэршээд сайхан эдгэдэг гэдгийг бас мэдэж аваад, дараа нь өөрсдөө гүрийж байгаад угаана даа.
Одоо бодоход бид юм гуйхдаа тун гаргууд байж. Өглөгч байж. Өгөхгүй нэгнээ “амиа” гээд ад үзнэ, зодно. Тэр ч удахгүй журмандаа орно. Бүх юм гудамжны бидний, хүүхдийн хуулиар. Эцэг, эхийн оролцоо тэнд үгүй.

Ганц “Оргил” чихэр амандаа хийгээд гарна. Байрны нөгөө үзүүр хүрэхэд 5 хуваагдаж, амандаа жаахан хэлтэрхийтэй үлдэнэ. Масло, сахар зузаан овоолсон, зүсэм талхтай гарна. Хүүхдүүд нэг нэгээр хазсаар жаахан үлдэнэ. Үлдсэн жаахнаа идчихээд бөөндөө гүйлдээд явчихна. Байрнаас холдоод яваад ирсэн нэгэндээ ус гаргаж өгнө. Шилэнд ус хийгээд 5 давхраас унагаахад барьж авч чаддаг эрдэмтэй болж билээ. Анх нэг элдэвтэй хүүхэд 2 давхраас надад - Шилэнд ус хийгээд унагаачих гэхэд, тоглоод байна гэж бодож билээ. Тосож биш 2 талаас нь 2 гараараа хавчиж барьдаг. Тэрийг нь сураад 5 давхраас ч ус унагаахад барьж авч сурсан. Олон хүүхдийг ангайлгасан даа.
Гол орох замдаа зүгээр байхгүй. “Аабан бээбэн” тоглоно, сөд өвсөөр буудалцана, шивээ 10, 20-оор нь багцлаад нэгэн рүүгээ зооно, цахилдаг сүлжинэ, унгиралын ногоон бөндгөр юмнуудыг бас сүлжинэ. Бороо оруулах гэж мэлхий ална, ум ма ни бад ми хум. Царцаа зодолдуулна, шоргоолжны бөгс долооно. Батгана, сононы бөгсөнд уяа уяаад нисдэг нохойтой болно. Төмсний улаан ухаж иднэ, мангир талхтай хольж иднэ, төмс авч яваад үнсэнд булж иднэ. Бас болоогүй 10 ч хүрээгүй “том ах” нар хомоол сонинд ороогоод бөөнөөрөө гал тойроод сууцгаана. Урт, богино, бүдүүн, нарийн янз бүрийн л юм барьсан сууж байдаг. Үлд өвс, гишүүнэ иднэ. Бидний ажил дуусахгүй шүү дээ. Одоо цэрвээд байгаа “зэрлэг”-ээр наадна. Амсаж, амталж үзнэ. Юун харшил. Тийм үг мэддэггүй байж. Маш ховор зарим нэг хүн “аллерги” гэж ярина. Халгайнд түлэгдэнэ. Гурван зэрэг шээж эмчилнэ. Гол дээр очоод шавраар биеэ бүтэн будаж тоглоно. Үхэр, адууны шээсээр бүлээссэн тогтоол ус бидэндээ халуун рашаан, жакуззи.

Өвөл гудамжны гэрэлд цана, чарга, тэшүүр, хоккей, нэг муу ямбий лаазаа л нүдээд бн. Цасаар байлдана, цасаар угаана, цасаа иднэ, цасан хүн хийнэ. Аль л өндөр уулыг шилж очоод гулгана. Ах нь хэвтэнэ, дүү нуруун дээр нь сууна. Нисэх мэт хурдална, онхолдоно, босоод л ирнэ, чулуу шиг ч биетэй байж. Тэр муу шатны бариулаа суга татаад чарганы доор хийчихсэн, бүх орц төмөр бариултай болсон доо. Байрны эзэд “өмчөө мэдэж” байгаа нь тэр.

Тог тасрана. Гадаа тоглож байхад тог ирнэ, бид байр даяар орилно, зориуд хүч нэмж чадлаараа орилдог байлаа. Гадаа суусан эцэг, эхчүүд бас дор бүрдээ бяцхан уулга алдаж, бидэнд бяцхан хүч нэмнэ. Гар чийдэн ховор цаг. Мэр сэр оросын мөнгөлөг төмөр гар чийдэн харагдана. Зай нь дороо дуусна. Сүүлд 90-ээд онд 3-аар холбосон баттерей дээр жижиг чийдэн шархны лентээр наагаад гар чийдэн болгож билээ.
Бидний үеийн эцэг, эх, эмээ, өвөө нар бидэндээ үнэхээр хайртай байж дээ. Бид тэднийхээ ачаар бүгд эрүүл саруул, чанга биетэй, зөв төлөвшилтэй хүмүүс болцгоосон доо.
Өвгөд хөгшид, нялх хүүхдүүд бүгд чимээндээ дасал болсон. Чимээгүй бол тэд “айна”. Өвөл арай нам гүм. Байрны эзэд гол орох, уул явах, видео үзэхээр явах зэрэгт бас нам. Хөгшид, эцэг, эх биднийгээ, дуу чимээгээ санаастай, байр нь эзгүйрнэ.

Бид ирлээ, байр маань эргэн амилна. Бөөн дуу чимээ эргэн ирнэ. Гол орсныг бол хэлэхгүй. Том гавьяа байгуулаад ирсэн хүмүүс аятай, гэр гэртээ орж идэж уугаад эргээд “ажилдаа” гарна даа.
Аав, ээжүүд цонх, тагтан дээрээс биднийгээ аз жаргал дүүрэн харна. Бүхий л зүйлс бидэнд зориулагдсан мэт байж дээ. Манай хаалга өдөр ч, шөнө ч онгорхой. Өдөрт манай 5 хүүхдийн тус бүр 3 найз 15 хүүхэд орж гарна. Байгаагаа хувааж идэж, ууж дуусгана. Сүүлд ээж лангуун дээр суухад манай орц ирисний чихрийн цаасаар хучигдах шахсан. Ээжийн орлого, ашгийг манай байрны хүүхдүүд бид нэлээн хуваалцсан даа.
Томчууд бас бөөн дуу чимээ. Байнга найр. Өдөрт бараг нэг айл нэг шоу. Дуу дуулаад л, түрээд л. "Аарга.. ч үгүй ..., аам..раг мөн...өөсөө мөн шүү дээ" гээд л. Цонх мөнхийн онгорхой. Байнга дуулдаг айл ч байна. Бид ч их дуу сурсан даа. Аав, ээжүүд баяр ёслолоор нэгнийхээрээ дамжин орж гарч, дуулж хуурдана.
Цай уулгах гэдэг ёсон байж. Хөрш айлдаа - Аав таныг цай уу гэнэ ээ гэж би очиж хэлнэ. Ганц аяга цай өгөхийн төлөө сүртэй хэлдэг юм билээ гэж бодно. Тэгээд цай яаж уудаг юм бол гээд зориуд ажигласан чинь харин “цай” л уудаг юм билээ.
Зодоон цохион, хэрүүл тасардаггүй айл ч байсан. Байрны айл ч гэсэн, хонь гаргана. Хажуу хөршдөө гэдэс, шөл өгнө. Бид хүргэж өгөх дуртай. Түмпэн саванд нь чихэр ирнэ. 1 л-ийн бидоны ёроолд хийсэн амттанаа гэр лүүгээ баяр дүүрэн барьж орно.
Дээд, доод айл баргийн чимээ тоохгүй, хэтэрвэл харин паараа нүднэ. Хэтрэх гэдэг үгийг одооныхон бол гэртээ гүйлдэхийг хэлэх байх. Тэр үед бол гэртээ гүйх, гэртээ сагс тоглох, барилдах, ноцолдох, шалан дээгүүрээ сандал чирч давхих, бараг хана, тааз нураах шахаж байхад л бол хэтрэхдээ орохгүй шүү. Одоо тэгвэл шууд цагдаа, баривчлагдаад 14 хоног явах байх.
Паар нүддэгийг бид мэдэж аваад хэсэгтээ нүдэж тоглосон доо. Паар нүдэх шалтаг хайна, жаахан чимээ гарахад хүүе гэхийн сөхөөгүй гүйж очоод паараараа хөгжим тоглоно шүү дээ. Доод айлын Бямбаа, дээд айлын Анхаа хариу нүдэж, тулаан эхэлнэ дээ. Аав, ээж байхгүйд бол ханатал нүднэ. Паарны хамаг будаг халцраад, шанага хонхойж дууссан даа. Шанага сайхан чимээ гардаг даа. Аав харин сүүлд паараа будсан. Аавын дахны хормойноос хайчлаад тэвэг хүртэл хийчихсэн.
Байранд магнитофон, пянз тоглуулагч хангинана. Аж богдын харуулыг анх сонсоход үгүй мөн гоё санагдаж билээ. Цаасан дээр үгийг нь бичээд авчихсан. Хуучирч муудсан тэр цаасаа нэгэндээ дамжуулаад л. Сүүлдээ бичиг нь харагдахаа болчихно.
Орц битүү дуу чимээ. Гитарчид, бөглөөчид, тэвэгчид гээд давхар бүрд. 5 давхар арай цэвэрхэн. Сургуулийн захирлынх ч байдаг байсан. Нэг удаа ханан дээр зурж байгаад нүдэндээ гал бутартал алгадуулсан. Яг ЯТОЛ-ын Я үсгийг зурж байтал тас гээд явчихсан, юу болчихов гээд эргэн тойрноо хартал, захирал тэнд нэг юм яриад байгаа бололтой. Тэгж байтал дуу нь ойртоод, нүд бүрэлзэхээ болиод ирсэн. Загнахыг нь дуустал сонсоод, юу ч болоогүй мэт гадаа гарч тоглож эхэлсэн дээ. Ханан дээр зурах анхны азгүй оролдлого түүгээр дууссан. Том ах нарыг дууриаж худлаа үг бичих шаал дэмий гэдгийг чих, нүд, толгойгоороо мэдэрсэн дээ. Яагаад ч тийм үг бичдэгийг мэдэхгүй шүү дээ. Тэр хананы хажуугаар өдөрт өчнөөн орж гарахад Я үсэг нүдэнд харагдана.
Манай орц 5 давхар, 10 айлтай. Айлууд олон хүүхэдтэй, бид тоглох найз олонтой. Шөнө 11, 12 гээхамтдаа орно, 1 давхарын 6 хүүхдийг оруулаад, манай 2 давхрын 7 хүүхэд ороод, тэгээд дээшилцгээнэ.
Өглөөдөө бас тараг, сүү аваарай, сүүлд бол шил авна гэх дуу байраар цуурайтна. Тэр дуу ч “нөр их ажил” хийсэн хүүхэд бидэнд бүүвэйн дуу аятай л сонсогдоно. Тэгээд л өглөөний цайгаа ууж аваад дуусашгүй их ажилдаа гарцгаана даа.
За тэгээд дандаа л тоглоод байхгүй. Дүүгээ харна, аав, ээж ирэхэд гэрээ цэвэрлэж, хоолоо хийнэ, хувцас хунар угаана. 6 нас хүрэхэд л ар гэрийн ажилд аав, ээжийг хүргэхгүй. Тэд ч завгүй. Хагас сайнд хагас амарна, бүтэн сайнд л нэг гэрээрээ бүтэн цугларна.
Ер нь байр даяар дуу чимээ, инээд наргиа, хүүхдийн уйлаан, дуу, хөгжим байж болох бүхий л чимээ тасрахгүй. Алийг гэхэв, чимээгүй л санагддаг байж. Одооны чимээгүй ертөнцийнхөн тэнд очвол галзуурах байх.
Хүүхдээс булаасан хот
Өнөөдөр болов. Юу өөрчлөгдөв?
Тоглоомын талбайг томчууд булаав. Цэцэрлэгийг цэнгээний газар булаав. Цэцэг, зүлгийг автозам булаав. Цирк нь үгүй болов, кафе нь байхгүй болов. Сэлж тоглох голыг нь бохирлов. Ой модыг тайрав.
Гурваар сууж, 3-аар ээлжлэн, боловсрох эрхээ булаалгав. Сургуулийн заал үнэтэй болж олдохоо болив. Сургуулийн хашаанаас жижүүр хөөв, байрны гадаанаас хамгаалагч туув. Дөрвөн хананд хоригдов, чулуун ширэнгэд хашигдав. Гэрт гүйхэд доод айл цагдаа дуудна. Гадаа гарвал нүхэнд унана, тогонд цохиулна, хүчирхийлэлд өртөнө, хулгайлагдана. Орцонд шуугивал амгалан тайван байдал алдагдана. Байрны гадаах талбай машинаар дүүрэв. Орой сууж болохгүй, өглөө цуглаж болохгүй. Хүүхдүүдийн хоорондын харилцааг булаав. Гудамжинд учраа олж, хүн болдог байсан цаг тэртээд хоцров. Хүүхдүүд нэгэндээ хэлсэн үгний төлөө эцэг, эхчүүд шүүх, цагдаа бололцов, мөнгө нэхэлцэв. Жижиг асуудалд томчууд оролцов.
Бид хүүхдээ гадаа гаргахаас яагаад айдаг болов? Энэ байх ёстой хэвийн үзэгдэл үү? Хүлцэн тэвчих ёстой юу? Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зүгээр тунхаг төдий зүйл үү? Гадаа дураараа тоглох нь хүүхдийн хоосон мөрөөдөл болоод үлдэх үү? Хүүхдүүд яагаад хоёр байрны цаадах цэцэрлэг, сургуульдаа өөрөө гүйгээд явж болохгүй, бид хүргэж өгөх хэмжээнд хүрэв? Сэлэх гол, тоглох талбай, цэцэг, навч, хөөцөлдөн гүйх эрвээхэй хаашаа алга болов? Цонхоор сонсогдох хүүхдийн инээд, дуу шуугиан, амьд харилцаа хаашаа алга болов? Цонхоор сонсогдох машины сигнал, “зайлаач ээ”, “холдооч ээ”, “л..лар”, “п..да” гэсэн үг, дуу чимээ хүүхдийн өглөөний сэрүүлэг болов. Гэгээн өглөө, энх өглөө дуунд үлдэв.
Хүүхдээс бүгдийг булааж, утас өгөв. Ухаалаг утсанд, ухаангүй донтуулав. Цахим орчин, утасны нөлөөнд автаж хөдөлгөөнгүй, чимээгүй болгов. Чимээгүй хот болов. Томчууд бид худлаа, дэмий гаслав. Өөрчлөхийн төлөө бодсонгүй, хичээсэнгүй, хийсэнгүй, тэмцсэнгүй.
Бид том алдав.

Хүүхдийн төлөө хүн бүр дуугаръя, тэмцэл хөдөлгөөн болгон өрнүүлье!
Хүүхдийн төлөөх хот байгуулцгаая. Үлдсэн жаахан газрыг хүүхдийн төлөө ашиглая. Бүх сургуулийн заалыг хүүхдүүдэд үнэгүй ашиглуулж, ашиглалтын мэдээг ил тод болгоё. Сургуулийн хашаанд хүүхдийг бүх цагт чөлөөтэй тоглуулъя. Байрны гадаа талбайг чөлөөлж, хүүхдүүдийг тоглуулъя. Хүүхдийн зусланг үнэгүй болгоё. Сургуулийн хашаа, байрны гадаа, гудамж бүрийг бүрэн аюулгүй орчин болгоё. Бар, ресторан, цэнгээний газарт булаалгасан газрыг нь хүүхдэд буцааж өгцгөөе. Дөрвөн цагийн улиралд дураараа тоглох газартай болгоё.
Улсын төсөв, аливаа хөрөнгө оруулалтыг нэн түрүүнд сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй зам, тоглоомын талбай, спорт, номын сан, ногоон байгууламж, хүүхдийн төлөө бүхэнд зарцуулъя. Хүүхдийн эрх эндээс эхэлнэ. Жинхэнээсээ дээдэлье.
Төр засаг юу ч хийхгүй байна гэж суугаа эцэг, эх та өөрөө юу хийв? Нийгэмд нэг үг дуугарав уу? Таны үг хаана хүрэв, хэнд сонсогдов? Ямар үр дүн гарав? Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн та бүхэн хүүхэд насаа эргэн нэг санаач. Эрүүл, аюулгүй орчны төлөө эцэг, эх чанга дуугараач, чанга орилооч! Дүлий, сохор төрд чихний аппарат, нүдний шил зүүлгэж байгаад сонсгооч! СӨХ, Засаг дарга нар, яам, Засгийн газар, УИХ хийх гэж байна биш, яг одоо хийж, өөрчлөөч. Өөрчилснөө ажил гэж тооцооч. Та бүхэн бүгд эцэг, эх. Хүүхдээ хийжүүлсэн ундаа, чихэр, жимсээр биш ингэж эрхлүүлээч.
Хүүхэд цэцгэн дунд эрвээхэй хөөцөлдөн гүйг!
Голын цэнгэг усанд сэлж хөгжилдөг!
Цэвэр, аюулгүй орчинд үеийн олонтойгоо хөөрөн баясаж тоглог!
Энэ бүгдийг харж бид бүхэн жаргая.

Хүүхдээс булаасан хотыг хүүхдэд нь буцааж өгье!
Өмгөөлөгч Б.Чинзориг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ