2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
8 дугаар сарын 13-ны өдөр, Элчин сайдын өргөөнд 2026 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаа уг өргөмжлөлийг доорх 2 байгууллага хүртэв.
Өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээнд тус байгууллагуудын удирдлага, багш болон суралцагсад оролцож, Элчин сайд М.Игавахара тэдний өнөөг хүртэлх гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн өргөмжлөл гардуулав.
Монголын Айкидо Холбоо
Монголын Айкидо Холбоо нь 30 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. 1994 онд ЖАЙКА-гийн Залуу сайн дурын гишүүн айкидогийн хичээл зааж эхэлснээр үйл ажиллагаа нь өргөжин тэлж, одоо ч тухайн үед сурч мэдсэн зүйлээ хойч үедээ зааж сурган, Монголд айкидог түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлт гаргаж ирсэн. Мөн Японы Айкидо төв дожогоос тогтмол багш, дасгалжуулагчдыг урьж авчрах зэрэг Японтой харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өрнүүлэх зэргээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байна.
Монгол дахь Япон Каратэгийн Холбоо
Монгол дахь Япон Каратэгийн Холбоо 2021 онд байгуулагдсан цагаас хойш Японы Каратэгийн Холбооны өвлөж ирсэн уламжлалт каратэг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин чармайлт гаргаж ирсэн. Эдүгээ Улаанбаатар хотын 2 дожод бүх насныханд сургалт явуулахын зэрэгцээ каратэгийн семинар, улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Ингэснээр Монгол дахь каратэгийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, будо буюу япон тулааны урлагийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахын хамт Япон, Монголын спортын харилцааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ