НЗДТГ 100 хувийн гүйцэтгэлтэй, хурлын талбайг НҮБ-д бүрэн хүлээлгэж өглөө

img

 

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ удаад Чингэлтэй дүүрэгт болж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ. Хурлын аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, нийтийн тээврийн тусгай маршрут зэрэг бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, хурлын талбайг НҮБ-д бүрэн хүлээлгэж өглөө. Хурлыг иргэд олон нийтэд нээлттэй явуулах, мэдээллээр хангах, ногоон бүс рүү тээвэрлэх зэрэг ажлуудыг хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.

Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг яаралтай дуусгаж, хичээлийн шинэ жилийн бэлэн байдалд анхаарал хандуулахыг нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханд, сургууль цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Замын цагдаагийн газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2026-2027 оны халаалтын улиралд зориулж 280,000 тонн хагас коксон түлш худалдан авах тендер шалгарч, 120,000 тонн шахмал түлш үйлдвэрлэл энэ сарын 15-аас эхэлсэн. Дулааны шугам сүлжээний 573 төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 65 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж, угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, өнгөрсөн жил үүссэн эрсдэлүүдийг давтахгүй байхад онцгой анхаарахыг холбогдох удирдлагуудад чиглэл болгов.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар SMS суваг болон mayor@ulaanbaatar.mn цахим хаяг ажиллаад эхэлсэн. Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шуурхай хариу өгч ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо.

Наймдугаар сарын 3-ны өдөр болсон шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 81,5 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ