Умард Солонгос цэргийн хүчээ Орос руу илгээх гэж байгаа гэх мэдээллийг Ким Жон Уны дүү няцаалаа
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын эхээр Умард Солонгосын эрх баригчид 50,000 хүртэл тооны цэргээ ОХУ-д илгээх гэж байгаа тухай мэдэгдэж байв.
Тэгвэл Ким Жон Уны эмэгтэй дүү, Умард Солонгосын эрх баригч намын өндөр албан тушаалтан Ким Ёо Жон үүнийг няцаасныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг өчигдөр мэдээлжээ.
Тэрбээр Зеленскийн мэдэгдлийг “үндэслэлгүй”, “өөрөө зохиосон зүйл” гэж тодорхойлсон байна.
Ким Ёо Жон бас Украины хямралын гол буруутан нь АНУ болон Өрнөдийнхөн болохыг энэ үеэр сануулжээ.
2024 оны зургаадугаар сард Пёнянд хийсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын үеэр хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулж байв. Энэ гэрээний хүрээнд ОХУ-ын Курск мужийг Украины цэргээс чөлөөлөх тулалдаанд Умард Солонгос 14,000 орчим цэрэг илгээсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Өмнөд Солонгост зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилалтынхаа цар хүрээг багасгах шийдвэр гаргасан нь Пёнянтай харилцаагаа зөөлрүүлэх зорилготой байсан.
Ким Ёо Жон үүнийг хангалтгүй, цар хүрээгээ багасгасан ч ийм сургуулилалт үргэлжилж буй нь Умард Солонгосын эсрэг Вашингтоны дайсагнасан бодлого хэвээр байгаагийн илрэл гэж мэдэгджээ.
Тэрбээр АНУ, Умард Солонгосын удирдагчдын хооронд сүүлийн үед харилцаа холбоо тогтоосон талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ