Газпром Нефтийн шатахуун түгээх станцууд нэг автомашинд 60 литрээс илүү бензин өгөхгүй байх хязгаарлалт тогтоожээ
ОХУ-ын зарим бүс нутагт бензин шатахууны хязгаарлалт дахин сэргэснийг тус улсын хэвлэлүүд энэ зуны хомсдолын “хоёр дахь давлагаа” гэж нэрлэж байна.
Нийслэл Москва хот болон түүний ойр орчмын Газпром Нефтийн шатахуун түгээх станцууд нэг автомашинд 60 литрээс илүү бензин өгөхгүй байх хязгаарлалт тогтоожээ.
Тус компани энэ сарын эхээр Оросын 13 бүс нутагт тогтоосон хязгаарлалтаа цуцалж байсан бол ийнхүү буцаан сэргээсэн байна.
Өөр нэг томоохон үйлдвэрлэгч Татнефть мөн Москва хот болон түүний ойр орчмын шатахуун түгээх станцууддаа нэг автомашинд 50 литр бензин, 60 литр дизель түлшний дээд хязгаар тогтоосныг РБК сонин мэдээлжээ.
Украины алсын тусгалын цохилтууд одоо ч үргэлжилсээр байгаа. Лхагва гарагт Башкортостаны эрх баригчид газрын тосны үйлдвэр нь Украины дроны цохилтод өртсөн, засварлах ажил хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ