Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог анх удаа зарласан Трамп энэ оны сүүлээр Ким Жон Унтай уулзахаар төлөвлөжээ
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны сүүлээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна тус улсын цөмийн зэвсгийн тоо хэмжээг анх удаа зарлажээ.
Тухайлбал арваннэгдүгээр сард Хятадын Шэнжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний чуулганд оролцох айлчлалын үеэр уг уулзалтыг зохион байгуулах даалгавар өгсөн гэнэ.
Энэ мэдээллийн мөрөөр сэтгүүлч тодруулахад Трамп “Тийм ээ, би уулзана” гэж хариулжээ. Ким Жон Унтай захидал солилцсон эсэхийг нь асуухад “Би энэ талаар хэлэх боломжгүй” гэж хариулсан байна.
Мөн тэрээр “Би энэ талаар хэлмээргүй байна. Гэхдээ Ким Жон Ун бид хоёр ямар сайхан харилцаатайг та бүхэн мэдэж байгаа. Тэр Байденд дургүй, Обамад дургүй. Тэр надаас өөр хэнд ч дургүй” гэж Трамп хэлсэн байна.
Энэ долоо хоногт эхэлсэн АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтын цар хүрээг багасгах даалгаврыг Пентагонд өгснөө Трамп өнгөрсөн Ням гарагт зарласан.
Үүнийг Ким Жон Унтай уулзахын тулд найр тавьсан хэрэг гэж ажиглагчид үзэж байгаа.
Өчигдөр ярихдаа Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог Трамп анх удаа зарласан нь анхаарал татаж байна.
“Ким одоо маш хүчтэй 57 ширхэг цөмийн зэвсэгтэй. Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ өнөөдөр тэр цөмийн зэвсэг эзэмшиж байна. Би түүнтэй маш сайн харилцаатай. Над шиг ухаалаг ерөнхийлөгчтэй байгаа цагт тэр яах ч үгүй. Хэрвээ тэнэг ерөнхийлөгч байсан бол тэр тийм ч сайн зүйл хийхгүй байх” гэж Трамп хэлжээ.
Судлаачид Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог 60 орчим гэж үздэг. Гэхдээ Трамп энэ талаар ямар нэг тоо баримт өмнө нь хэлж байгаагүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ