Доод цалин 1 саяд хүрэхэд ХХОАТ хэрхэн өөрчлөгдөх вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөг болж нэмэгдэнэ. Харин ХХОАТ-ын хөнгөлөлтийн босго 792 мянган төгрөгөөр хэвээр үлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэн ХХОАТ бүрэн хөнгөлөгдөхгүй нөхцөл үүсэж болзошгүй байна.
УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр иргэдийн хөдөлмөрийн орлогод ногдуулах ХХОАТ-ын ачааллыг бууруулах хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан.
Тухайлбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс сарын 792 мянган төгрөг хүртэлх хөдөлмөрийн орлогод ногдох ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлөх, өөрөөр хэлбэл энэ хэмжээний орлогод ХХОАТ төлөхгүй байх зохицуулалт тусгагдсан байдаг. Харин 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь бий.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өмнө нь 792 мянган төгрөг байсан учраас ХХОАТ-ын 792 мянган төгрөгийн хөнгөлөлтийн босго болон доод цалингийн хэмжээ хоорондоо таарч байв. Харин 2027 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болно. Гэтэл ХХОАТ-ын хөнгөлөлтийн босго хуульд 792 мянган төгрөг гэж хэвээр үлдвэл доод цалингийн хэмжээнээс 208 мянган төгрөг илүү гарч байна.
Жишээ нь, нэг иргэн сарын 1 сая төгрөгийн хөдөлмөрийн орлого оллоо гэж бодъё.
1 сая төгрөгийн 10 хувийн ХХОАТ нь 100 мянган төгрөг.
Харин 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлбөл:
792,000 × 10% = 79,200 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
Ингээд 100,000 - 79,200 = 20,800 төгрөг, өөрөөр хэлбэл тухайн иргэнээс 20,800 төгрөгийн ХХОАТ төлүүлэх тооцоо гарч байна.
Хэрэв ХХОАТ-ын хөнгөлөлтийн босгыг 1 сая төгрөгтэй уялдуулан өөрчлөхгүй бол бүрэн хөнгөлөгдөхгүй. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн боловч татварын хөнгөлөлтийн босго хуучин хэмжээгээрээ үлдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, асуудал нь ХХОАТ-ын хувь хэмжээнд бус, татварын хөнгөлөлт эдлэх дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан эсэхэд байна.
Энэ нь одоогоор “1 сая төгрөгийн доод цалинтай бүх хүн заавал 20,800 төгрөгийн ХХОАТ төлнө” гэсэн эцсийн дүгнэлт ч биш.
Учир нь татварын хуульд 792 мянган төгрөгийн хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан өөрчлөх эсэх, эсвэл өөр зохицуулалт хийх боломж бий. Тиймээс 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг болж байгаа нөхцөлд ХХОАТ-ын хөнгөлөлтийн босгыг мөн шинэчлэх шаардлагатай эсэх нь анхаарах асуудал болж байна. УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал хөндөгдөж, 792 мянган төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахгүйгээр шууд тоогоор тусгаснаар цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх бүрд хуулийг дахин өөрчлөх шаардлага үүсэж болзошгүй талаар ярьсан байдаг.Товчхондоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 сая төгрөг, харин ХХОАТ-ын бүрэн хөнгөлөлтийн босго 792 мянган төгрөг хэвээр байвал 1 сая төгрөгийн орлоготой иргэн татвараас бүрэн чөлөөлөгдөхгүй. Иймээс хоёр хэмжээг хооронд нь хэрхэн уялдуулах вэ гэдэг нь хууль хэрэгжихээс өмнө тодорхой болох шаардлагатай асуудал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ