Н.УЧРАЛ: “ЭТТ”-Н АШГИЙГ ТЭТГЭВЭРТ ЗАРЦУУЛНА
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй энэ үед төрийн өмчит уул уурхайн компаниудын ашиг, ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх асуудал дахин анхаарлын төвд орлоо.
Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөгийг улсын төсөвт ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлж, улмаар тэтгэвэр нэмэхэд зарцуулах асуудлыг төсвийн тодотголтой уялдуулан шийдвэрлэхээр ярьж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг иргэд эзэмшдэг бөгөөд тэдэнд ногдол ашиг хуваарилагдсан. Харин төрийн эзэмшиж буй хувьцаанаас бий болох ногдол ашгийг төсөвт төвлөрүүлж, нийтлэг хэрэгцээнд зарцуулах нь төрийн өмчийн удирдлагын нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл төрийн эзэмшиж буй хувьцаа өөрөө үнэ цэнтэй хөрөнгө. Түүний өгөөжийг төсвийн орлого болгон ашиглаж байгаа тохиолдолд энэ мөнгө эцэстээ иргэдэд ямар үр өгөөжөөр буцаж очиж байгааг хэмжих шаардлагатай гэсан үг. Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр ярьж байгаа нь бодлогын хувьд нэг тодорхой давуу талтай гэж эдийн засагчид харж байна. Учир нь тэтгэвэр бол өрхийн орлогод шууд нөлөөлдөг, тэр даруйдаа хэрэглээ болон амьжиргаанд шингэдэг орлого. Ялангуяа өндөр настнуудын хувьд тэтгэврийн нэмэгдэл нь эдийн засгийн өсөлтийг хүлээх бус, өнөөдрийн амьдралд шууд мэдрэгдэх хамгаалалтын арга хэмжээ болж чадна.
Гэхдээ ашигтай байна гээд ашгийг бүгдийг нь татах нь зөв үү?
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиг өссөн үед төр ногдол ашиг авах нь зарчмын хувьд хэвийн зүйл. Гэхдээ компанийн цэвэр ашгийг бүхэлд нь төсөв рүү татах бодлого нь урт хугацаанд компанийн хөрөнгө оруулалт, өрийн төлөлт, үйлдвэрлэлийн хүчин чадал, ирээдүйн үнэ цэнд хэрхэн нөлөөлөхийг тооцох ёстой. Төрийн өмчит компани ашиг олсон болгонд төсөвт мөнгө авах хандлага тогтвол тухайн компанид урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхол буурах эрсдэлтэй гэж үзэж болно. Тиймээс асуудлыг “ногдол ашиг авах уу, үгүй юу” гэж хоёр туйлд хуваахаас илүүтэй ямар хэмжээний ашгийг ногдол ашигт хуваарилах нь компанийн тогтвортой байдал болон иргэдийн өгөөжийг зэрэг хамгаалах вэ гэдгээр шийдэх нь илүү оновчтой юм.
Төрийн өмчит компаниудын орлого, ашиг төсвийн гадна үлдэх үед олон нийтийн хяналт сулрах эрсдэл бий. Харин төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө нь УИХ-аар хэлэлцэгдэж, зориулалт нь тодорхой болж, зарцуулалтын талаарх мэдээлэл олон нийтэд илүү нээлттэй болох боломжтой. Гэхдээ ногдол ашгийг төсөвт авсан бол тэр мөнгө үнэхээр иргэдэд хүрэх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн ашгийг төсөвт төвлөрүүлээд, дараа нь үр ашиг багатай төсөл, улс төрийн шинжтэй зардалд зарцуулбал иргэдийн хүртэх өгөөж үгүйрэх нь гарцаагүй. Тиймээс энэ удаагийн 1.5 их наяд төгрөгийн асуудлыг зөвхөн төсвийн орлого талаас нь бус, зарцуулалтын ил тод байдал, үр дүнгийн хяналттай нь хамтад нь хэлэлцэх шаардлагатай байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н асуудал цаашлаад төрийн өмчийн реформын асуудал
Ерөнхий сайдын дурдсан төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах асуудал нь үүнээс ч том өөрчлөлтийн эхлэл байж болох юм.
Төр өөрийн эзэмшиж буй компаниудаа зөвхөн улс төрийн шийдвэрээр удирддаг биш, ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын хяналтад оруулдаг тогтолцоо хэрэгтэй. Хэрэв төрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг бол тэр ашгийн тодорхой хэсэг нь төрийн эзэмшиж буй хувьцааны өгөөж хэлбэрээр төсөвт орж болно. Төсөвт орсон мөнгө нь эргээд тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг иргэдэд чиглэсэн бодит үйлчилгээ болон хувирч болно. Ингэж чадвал төрийн өмчийн өгөөжийг “улс төрчдийн мэдлийн мөнгө” биш, иргэдийн хүртэх нийтийн хөрөнгө гэсэн зарчим руу ойртуулах боломжтой.
1.5 их наяд төгрөгийг тэтгэвэр нэмэхэд ашиглах нь өнөөдрийн амьжиргааны дарамтыг бууруулах богино хугацааны арга хэмжээ байж болох ч Монгол Улс уул уурхайн орлогоос хамааралтай хэвээр байгаа нөхцөлд зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдэхэд бүх анхаарлаа төвлөрүүлж болохгүй. Уул уурхайн үнэ, экспорт буурвал өнөөдөр нэмэгдүүлсэн тэтгэврийг маргааш ямар эх үүсвэрээр тогтвортой санхүүжүүлэх вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Тиймээс нэг удаагийн ногдол ашгийг байнгын зардал болох тэтгэврийн өсөлтөд зарцуулахдаа төсвийн дунд болон урт хугацааны тогтвортой байдлыг хамт тооцох шаардлагатай. Энэ бол өнөөдөр мөнгө байгаа эсэхээс илүү чухал асуудал шүү дээ.
Төрийн өмчийн өгөөжийг иргэдэд хүргэдэг тогтолцоо л хэрэгтэй
Монгол Улсад уул уурхайн баялаг ард түмний өмч гэж олон жил ярьсан. Харин энэ баялаг бодит амьдрал дээр иргэдэд ямар механизмаар өгөөж болж очих вэ гэдэг нь хамгийн маргаантай асуудлын нэг хэвээр байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлээд ногдол ашиг олгох нэг арга бий. Нөгөө талд төрийн эзэмшлийн хувьцааны өгөөжийг төсөвт төвлөрүүлээд нийгмийн хамгааллын зардалд зарцуулах өөр нэг механизм бий. Аль нь ч дангаараа төгс шийдэл биш. Харин төрийн өмчөөс бий болсон орлого ил тод, хяналттай, урт хугацаанд тогтвортой бөгөөд иргэдэд хэмжигдэхүйц өгөөжтэй хүрдэг тогтолцоо бий болгох нь гол зорилго байх ёстой гэж байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-гоос 1.5 их наяд төгрөг авах эсэхээс гадна энэ шийдвэр цаашид төрийн өмчит бүх компанийн ногдол ашиг, төрийн өмчийн засаглал, төсвийн сахилга батад ямар жишиг тогтоох вэ гэдгийг УИХ илүү өргөн хүрээнд хэлэлцэх шаардлагатай. Төр баялгийг захиран зарцуулах эрхтэй эзэн байж болно. Гэхдээ баялгийн өгөөжийн эцсийн эзэн нь иргэд байх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ